m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.10 14:45
89
Байгалийн нөөцийн засаглал ба хараал

Дэлхийн байгалийн нөөцийн засаглалын институтын судалгаа сонирхол татав.

Доорх хоёр графикт Англи, Норвеги хоёр улсын 1971-2014 оны хооронд олборлосон газрын тос, байгалийн хийн хэмжээг үзүүлжээ. Олборлолт нь биет хэмжээгээр тэнцүү шахуу боловч улсдаа авсан татвар, ноогдол ашгийн хэмжээгээрээ Норвеги нь Англиас бараг 3 дахин их байна. Хараар бодоход Англи нь илүү баймаар юм шиг. Гэтэл Норвеги илүү алсын хараатай, байгалийн нөөцийн засаглал хэрэгжүүлжээ. Норвегийн баялгийн сан нь дэлхийн томоохон сангуудад ордог.

Байгалийн баялагаасаа олсон орлогын зохих хувийг хэрэглээндээ тааруулан зарж, бусдыг нь хуримтлуулж гадаадын улс орнуудын ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар сангаа арвижуулсан дэлхийн шилдэг туршлага. 

Сая нүүрсний салбар хямрахад энэ сан дэлхийн улс орнуудад оруулсан хөрөнгө оруулалтаараа бүгдийг нь татсан. Эрсдэлтэй гэж үзсэн учраас тэр.  Харин алтанд бол хөрөнгө оруулсаар байна. Гэтэл бид яав?

Харин хүний хөгжил сан гэж байгуулаад стратегийн ордуудаасаа хишиг, хувь хүртээнэ гэж ирээдүйн татварын орлогуудаа зээлж аваад жамирчихсан. Тансаглах шиг л болсон. Одоо өртэй.

Ирээдүйн өв сангийн тухай хууль гэж гаргаад хүний хөгжил санд төвлөрсөн өрийг тийш нь шилжүүлчихсэн гэж дуулсан. 

Өрөө төлж дуусгаад хичнээн ч жилийн дараа бүү мэд хуримтлал үүсэх юм байх. Баялагаасаа хувь хүртэх өч төчнөөн том ордууд төрийн өмчит компаниуд. Бүгд алдагдалтай. Бөөн өр шир. Эрдэнэс Таван толгойн Чалкогийн өр, Эрдэнэтийн Жастын Батхүүгийн өр, Оюу толгойн өр, Чингис Самурай бондын өр гэх мэтээр явж өгнө. Улсаарааа өрөнд орсоор 21,5 тэрбум ам.долларын өртэй болжээ. Он гараад Чингис бондын эхний төлөлт болох 500 сая ам.доллараа төлнө. Юугаарааа төлнөө!? 

Төгрөг нь хогийн цаас болтлоо үнэгүйдсэн. Ингээд харахаар бидэнд баялагийн хараал гэдэг нь бодитоороо нүүрлэчихэж. Асар их баялагтай ч авилгал хээл хахуульд идэгдэж баялагийн хараал хүртсэн Зимбабед иргэд нь үндэснийхээ тэрбум доллараар талх ч авч чадахгүй болтлоо дампуурч, өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдэж буй муу жишээг бид харж байна. Дараагийн Зимбабе болохгүйн тулд байгалийн баялагийн засаглалаа сайжруулах алсын хараатай бодлого хэрэгжүүлэх шаардлага ус агаар мэт хэрэгтэй болжээ. 

Биднийг бие биенээ хардаж, хулгай, луйварчин, хужаа жунгаагаараа дуудалцан цаг алдаж суух зуур бусад улс орнууд хөгжлөөрөө төсрөөд явчихлаа. Японд сансрын аялал жуулчлал хөгжиж дэлхийн агаар мандлаас гарч зугаалах, хүн шиг роботуудаар гэрийн зарц хийх, Америкт нар салхины эрчим хүчээр ажилладаг машин, байшинг массаар нь үйлдвэрлэх, хүний эд эрхтэн нано технологиор ургуулах төсөл биеллээ олж тун удахгүй энгийн хэрэглээ болох нь. Атаархах юм.

Бид одоо яах вэ? Яавал дээр вэ?

Эрдэнэтийн 49 хувийг ямар ч шийдэл гаргалгүй ярьсаар буцаагаад Оросуудад өгөх үү ?

Тавантолгойн хэрүүлээ үргэлжлүүлж 200 ам.доллар хол давсан үнэтэй нүүрсээ 30 гаруйхан ам.доллараар хил давуулж урсгасаар суух уу? Аль эсвэл өргөн, нарийн цариг, танк дайн ярьж төмөр замаа гацаах уу?

Улс орноо алах, аврах эсэх нь эх баригчид та нараас хамаарна. Алдах эрхгүй. Төрийн өмчит компаниуддаа алсын хараатай зоримог шийдвэрүүд гаргаж,заримыг нь хувьчлах, заримынх нь засаглалыг сайжруулах замаар байгалийн нөөцийн баялагаа хөгжил дэвшилд хөрвүүлэх боломжийг ашиглаасай. 

Америк, Япон шиг болж чадахгүй ч байгаа баялагаа зүй зохистой ашиглаад өр ширнээсээ гарчих юмсан. 

ЭРДЭС БАЯЛАГИЙН ЭДИЙН ЗАСАГЧ Л.НАРАНБААТАР