m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.16 04:20
509
Х.Цэвэлсүрэн: Амжилтанд хүрэх төлөвлөгөөтэй хүн бүхэн календарь хөтөлдөг

Хэн шинийг санаачилна тэр амжилтанд хүрдэг нь бизнесийн салбар дахь бичигдээгүй хууль. Тэгвэл бизнесийн энэ их өрсөлдөөн дунд хүмүүсийн хамгийн аз жаргалтай мөчүүдийг календарьт мөнхөлж гарааны бизнесээ эхлүүлсэн хөдөлмөрч нэгэн эмэгтэйг энэ удаагийн зочны ярилцлагын буландаа урилаа. Хөдөлмөрч хичээнгүй, нягт нямбай Х.Цэвэлсүрэнгийн хувьд 2012 оноос хувь хүн болон албан байгууллагуудад зориулж төрөл бүрийн календарийг хийж эхэлжээ.

Х.ЦЭВЭЛСҮРЭН “Календарь дизайн”-ыг үүсгэн байгуулагч

Сайн байна уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.

Ярилцахыг урьсан танай хамт олонд бас баярлалаа.

Хүмүүсийн хамгийн аз жаргалтай мөчүүдийг календарьт буулгаж байгаа таны энэ ажил надад маш сайхан санагдсан. Анх ер нь ийм календарь хийх санааг яаж гаргаж байсан бэ? 

Анх календарь хийх санаа маань миний 2 охиноос үүсэлтэй. Том охиноо төрүүлээд гэртээ хэсэг зүгээр суух болж таарч байлаа. Гэтэл гэртээ зүгээр суух бол миний ажил биш гэдгийг тухайн үед би их ойлгосон. Ингээд гэртээ юу хийх боломжтойг судалж эхэлсэн юм. Нилээд судалсны эцэст өөрийнхөө мэдлэг чадвартаа тулгуурлан календарь хийх санаа төрсөн. Миний хувьд график дизайнерийн мэргэжилтэй. Мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаад жирэмсэн болоод ажлаасаа гарч байсан юм. Тухайн үед Монголд хувь хүмүүс, албан байгууллагуудад зориулсан календарийг цөөхөн тоогоор мөн тухайн захиалагчийн өгсөн зургаар хийдэг газар бараг байдаггүй байлаа. Харин би энэ зах зээлийг судлаад хувь хүмүүс, албан байгууллагуудад зориулан цөөн тоогоор календарь хийж эхэлсэн. Анх ганцхан компьютертэй, гэтэл надад принтерээс эхлээд шаардлагатай тоног төхөөрөмж олон байсан. Эхний календариудаа гадуур хэвлүүлдэг байлаа. Тун удалгүй тоног төхөөрөмжөө орлогоороо авч эхэлсэн. Аз болоход миний хийсэн календарь олон хүмүүст таалагдсан нь энэ ажлаа үргэлжлүүлэх урмыг өгч, олон харилцагчидтай болж эхэлсэн.   

Тухайн үед хувь хүмүүст зориулж захиалга авдаг байсан гэлээ. Хувь хүмүүс бол тийм ч олон тоогоор хийлгэхгүй биздээ?

Тэгэлгүй яахав. Хувь хүмүүс бол мэдээж олон тоогоор хэвлүүлэхгүй. Гэхдээ л энэ бол дутагдалтай байсан зах зээл. Миний судалснаар бол тухайн үед их хэмжээний захиалгыг том хэвлэлийн компаниуд авчихдаг байсан. Жишээлбэл эдгээр компаниуд 200, 300 ширхэгээс дээш хэмжээгээр л хэвлэнэ гэдэг байлаа. 100-аас доош ширхэгийг бол хэвлэхгүй гэдэг байсан юм. Миний хувьд яг л тэр зах зээлийг анзаарч цөөхөн тоогоор календарь үйлдвэрлэх эрэлт их байгааг мэдэрсэн л дээ. Өнөөдөр миний ингэж эхлүүлсэн ажил маань өдийг хүртэл амжилттай явж байгаад баярладаг.

Мэдээж хувиараа бизнес эхлүүлнэ гэдэг амаргүй ажил. Энэ хугацаанд шантрах  эсвэл бэрхшээлтэй зүйл хэр байсан бэ? 

Бизнесээ эхлүүлэхдээ компьютер болоод өөрийнхөө ур чадвартаа л найдаж байлаа. Нэг ёсондоо энэ хоёр дээр л дөрөөлөөд ажлаа эхлүүлж байсан. Эхний хэдэн захиалгаа хийчихээд ер нь боломжтой юм байна гэдгийг мэдээд  ерөөсөө л принтертэй больё гэж шийдээд принтер авч байсан. Харин дараа нь бүрэлтийн машин, үдээс, цоологч гээд миний ажилд хэрэгтэй бүхий л багаж хэрэгслүүдээ цуглуулаад өөрөө бүгдийг хийдэг болсон. Тухайн үед би бэлтгэсэн календариа гадуур хэвлэлийн газраар хэвлүүлдэг байсан болохоор  үнийн хувьд ч цаг хугацааны хувьд ч алдагдалтай байлаа. Харин өөрөө календариа хэвлэж эхэлснээр манай үнэ буурч, захиалгын хугацаа маань ч багасч эхэлсэн л дээ. Одоо манай календарь 5000- 25000 төгрөгийн хооронд борлуулагдаж байгаа.

Таны хувьд өөрөө загвар, дизайнаа гаргадаг. Ер нь дизайнерийн ажил хэр хүнд мэргэжил бэ?

Миний хувьд өөрөө дизайнаа гаргадаг. Мэргэжлийн хүн гэдэг утгаараа илүү төгс зүйлийг хийхийг хүсдэг. Нэг талдаа маш олон цаг компьютерийн ард суудаг болохоор гэр бүлдээ зарцуулах цаг бага байдаг юм. Тэр болгоныг зохицуулах шаардлагатай болдог л доо. Тэгэхээр хэцүү гэхээсээ илүү мэдрэмж, ур чадвар шаардсан ажил. Гэхдээ хүмүүст аз жаргалыг бэлэглэдэг учир үйлчлүүлэгчдээсээ талархлын үг сонсоод ядарсанаа ч мартчихдаг юм. Миний хувьд загвар, дизайн гаргахдаа тухайн хүний ирүүлсэн зургийг маш сайн ажигладаг. Тухайн хүний сонирхлоор загвараа гаргадаг гэсэн үг л дээ. Жишээлбэл хөл бөмбөгийн хувцастай зураг байлаа гэхэд жижигхэн логоноос нь санаа авч дизайн дээрээ тусгаж өгдөг. Дизайнер хүн бол маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй.

 

         МАНАЙ БУСДААС ЯЛГАРАХ ГОЛ ОНЦЛОГ БОЛ ЗАГВАР ДИЗАЙН

Одоо танайх хэдэн төрлийн календарь хийж байна. Хамгийн сүүлд төлөвлөгөөний календарь гаргасан байсан. Миний хувьд маш шинэлэг санагдлаа

Ханын календарь, ширээнийх, албан байгууллага, плакатан календариудийг хийж байгаа. Хамгийн сүүлд манайх шинээр төлөвлөгөөний календарийг хийж эхэлсэн. Энэ төлөвлөгөөний календарийг бол завгүй, ажил ихтэй гэрийн эзэгтэй нарт зориулсан. Гэрийн эзэгтэй нар ажил, гэр, хүүхэд гээд олон юмыг мартчихдаг. Тэгвэл төлөвлөгөөний календарь дээр энэ бүгдийг бичиж тэмдэглэх боломжтой. Жишээлбэл энд тухайн өдрийн хийх ажил, гэр бүлийн тэмдэглэлт баяр, дансны мэдээлэл төдийгүй төлбөр төлөх өдрүүдийг ч тэмдэглэх боломжтой. Манай эзэгтэй нарт маш хэрэгтэй календарь болсон гэж бодож байгаа.

Хүмүүс хэр их сонирхож байна.

Төлөвлөгөөний календариа гаргаад 20 л хонож байна. Хүмүүс маш их сонирхож байгаа. Одоо маркетинг хийх шаардлагатай байна даа. Төлөвлөгөөний календариа номын дэлгүүрүүдээр ч борлуулах гэж байгаа. Шинээр гарсан болохоор өчигдөрхөн л “ISBN”-кодоо авсан. Удахгүй байгууллагуудад зориулсан төлөвлөгөөний календарь гаргах бодолтой байна. Тэр ажлаа шинэ жилээс өмнө амжиж гаргах гээд л зүтгээд байна даа.

Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд маш их болсон. Тэгвэл тэднээс танай ялгарах онцлог давуу талыг та юу гэж хэлэх вэ?

Анх намайг энэ ажлыг эхлүүлэхэд ердөө хоёрхон газар байсан. Одоо бол мэргэжлийн бус хүмүүс бараг дуртай болгон л энэ ажлыг хийх гэж оролдож байна. Манай гол давуу тал бол мэргэжлийн дизайнер тухайн хүний зурганд тохируулсан дизайныг хийдэгээрээ давуу талтай. Мөн манайд онлайнаар захиалга өгөх боломжтой. Ажил ихтэй хүмүүс гадуур гарч чаддаггүй шүү дээ. Тэгвэл манай мэйл хаяг руу зургаа явуулаад л захиалга өгч, хүсвэл хүргэлт хийлгэж ч болно. Нэг ёсондоо үйлчлүүлэгчдийнхээ цаг завийг хэмнэж байгаа юм.

Удахгүй шинэ жилийн баяр боллоо. Албан байгууллагуудын захиалга ихэсдэг байх. Ер нь захиалга хэр байна вэ?

Шинэ жилээр бол захиалга эрс нэмэгддэг. Манайх 12 сарын 20-оос хойш захиалгаа хаачихдаг. Тэгж л ажлаа төлөвлөхгүй бол амжихгүй болчихдог юм. Ер нь баярын саруудад тэр дундаа Мартын 8, Цэргийн баяр, Валентинаар ажил ихтэй байдаг шүү.

Та цаашдын зорилгоо юу гэж тодорхойлдог вэ? Мэдээж үйлдвэрлэлээ өргөжүүлэх байх?

Тэгэлгүй яахав мэдээж үйл ажиллагаагаа өргөжүүлж, ажлыг байрыг бий болгох. Тэрнээс гадна

                       Миний томоохон зорилго бол “Календарь дизайн” хэмээх брэндийг бий болгох.

Энэ ажлаа ч тууштай хийхийг хүсч байна. Үр дүнг нь үзэж байж л санаа амарна даа. Ерөнхийдөө календарь дизайныхаа хажууд фото студитай болох зорилготой. Олон зургийн студиэс ч ийм хүсэлт ирдэг. Гэхдээ би өөрөө студитэй болъё л гэж боддог. Тэгвэл хүмүүс фото студиэр зургаа авахуулаад календарь дээрээ буулгах боломжтой болно. Ингэхээр энэ төрлийн цогц үйлчилгээг нэг дороос авна гэсэн үг л дээ.  

 

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Амжилтанд хүрэх төлөвлөгөөтэй хүн бүхэн календарь хөтөлдөг. Энэ бол “Календарь дизайн”-ийг үүсгэн байгуулагч Х.Цэвэлсүрэнгийн хэлэх дуртай үг. Тэр ч утгаараа өөрийг нь зориод ирсэн хүн бүрт зориулж ганцхан хувь хэвлэгдэх онцгой календарийн загвар дизайныг тэрээр өөрөө гаргадаг. Бусдад аз жаргалыг түгээж өөрийн хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг Х.Цэвэлсүрэнгийн хувьд энэхүү календариа брэнд болгох томоохон зорилготой. Тэр л зорилгодоо хүрэхийн төлөө тууштай хөдөлмөрлөнө гэдгээ ч бидэнтэй ярилцах хугацаандаа онцолж байсан юм.

Одоо “Календарь дизайн”-ийнхан хувь хүн болон албан байгууллагуудын шинэ жилийн захиалгыг авч эхэлснийг уншигч танд дуулгахад таатай байна.  

Холбоо барих утас: 9901-4916

https://www.facebook.com/profile.php?id=100006178871008