m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.16 04:49
89
Д.Бямбасүрэн:Сонгуулийн сурталчилгаа бүрт л нефть боловсруулах үйлдвэртэй болоод, сайхан амьдруулнаа гэж иргэддээ итгүүлсээр ирлээ

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, долларын ханшны өсөлт, цаашид хэрхэн өрнөх, ямар гарц буй талаар Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засгийн байдал маш хүнд байна. Өдрөөс өдөрт ам.долларын ханш өсч,төгрөгийн ханш унасаар Монголбанкнаас их хэмжээний доллар зах зээлд нийлүүлснээр сүүлийн хэдэн хоног тогтвортой байлаа. Энэ хэр зөв алхам юм бэ. Ямар үр дүн дагуулах бол?


-Улс орныхоо эдийн засгийг бүхэлд нь эрүүл ухаанаар хараад дүгнэхэд маш хүнд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Улсын төсвийг урд өмнө байгаагүй маш өндөр алдагдалтайгаар баталлаа. Долларын нөөц сүүлийн арван жилд доод хэмжээндээ хүрлээ. Эдийн засгийн өсөлт бодитойгоор дүгнэхэд огт байхгүй болчихлоо. Энэ нь олон жилийн турш гажуудсан бодлогоор явсны гай нь одоо илэрч байгаа хэрэг. Хямрал, эдийн засгийн уналт гэхээсээ улс орон дампуурлын ирмэгт тулсан гэхэд хилсдэхгүй дүр зурагтай боллоо. Тод илрэл нь сүүлийн үед төгрөгийн ханш үсрэнгүй унаж байна.Долларын ханш маш хурдтай өсч байна. Засгийн газар нь яаралтай арга хэмжээ ав гэсэн үүргийн дагуу Монголбанк их хэмжээний доллар гаргаж тогтворжлоо гэж зарлалаа. Энэ байдлаараа удаан явах аваас долларын нөөц нэг сар ч хүрэхгүй дуусна.
Түүнээс гадна өр төлбөр маш их нэмэгдлээ. Мөн төсвийн алдагдал дээд цэгтээ хүрсэн. Энэ хоёр хавхнаас бид яагаад ч зайлж чадахгүй гэдгийг эрх баригчид сайн ойлгохгүй явна. Сонгуулийн үеэр ард түмэндээ үнэн байдлаа огт хэлээгүй. Сайн сайхан байгаа, бүх зүйл болно бүтнэ гэжл хий хоосон амласаар. Иргэд бодит байдлыг харж, мэдэрч байгаа ч тэдний амлалт, хэлсэн үгийг сонсож, итгэж, найдан хүлээсээр. Дампуурлын ирмэгт тулсан, хүнд байдалтай эдийн засаг амар сэргэхгүй. Ийм нөхцөл байдалтай байгаагаа ард түмэндээ үнэнээр нь хэлэх нь хамгийн зөв гарц. Монголын эдийн засгийн асуудал, цаашдын төлөв байдлыг монголчууд бид л өөрчилж шинэчилнэ. Хэн нэгэн гаднаас ирээд сайжруулахгүй, сайхан зүйл хийхгүй гэдгийг бүгд мэддэг л баймаар.Энэ асуудлаа үндэсний асуудал болгож, гарах арга замаа ярилцах ёстой. Гал унтраах төдий интервенц хийгээд, хойшоо, урагшаа гүйж зээл, мөнгө хайх нь өр төлбөртэй, хүүнд нь живж буй эдийн засгийг бүр л намагт шигдүүлж орхино. Харамсалтай нь УИХ, Засгийн газар эдийн засагтаа бодитой хандаж чадахгүй байна.
2008 оноос хойш найман жил өнгөрлөө.Энэ хугацаанд хямралын олон үе шатаар монголчууд алхлаа. Зөв бодлого, дорвитой гарц хайхын оронд хямралаас гарах арга зам, зээл, бонд гэсэн үгийг хэлсээр өнөөдрийг хүрлээ. Эдийн засгаа өөд татах цэгцтэй бодлого бид гаргаж чадсангүй. Процессийг хараад байхад төр барьж буй хүмүүсийн тархинд хуучны Гоолингоогийн пянз хийсэн аятай л байх юм. Нөгөө пянзаа л хийгээд,өнөөхдуугаа дуулах нь хэнд ч хэрэггүй. Төр барьж буй нам, гишүүд, эрх мэдэлтний хариуцлагын талаар ярих цаг нь аль эрт болоод байна. Энэ асуудлыг ярихгүйгээр бусад асуудлаа ярина гэдэг амаргүй, хэцүү зүйл.

-Олон хүн эдийн засгийн байдал туйлдаж байгаа талаар ярьж, хэлсээр л байна. Ахиц харагдахгүй л байна. Одоо цаашид хэрхэн хөвөрч, ямар үр дүн дагуулах бол?


-Эдийн засгийн бодитой өсөлт гарахад үнэхээр хэцүү. Дэлхийн зах зээлд зэс, алт, нүүрсний үнэ өслөө л гээд байна. Энэ нь бага зэрэг дэм өгч, найдвар төрүүлж болох ч энэ нь эдийн засгийг өөд нь татах бодитой хөшүүрэг биш. Валютын нөөцөө аривжуулж чадахгүй байгаа нь сөрөг үр дагавар дагуулсаар л байх болно.
-Эдийн засгийн байдал ярихаар Монгол Улс юунд их мөнгө зарцуулаад байгааг анзаарах хэрэг гарч ирдэг. Мэдээлэл, судалгаа үзэхэд монголчууд импортоор их зүйл авдаг. Тэр дундаа импортоор оруулж буй бараа бүтээгдэхүүний 50 хувь нь нефть байх юм. Долларын ханш өсөхөд түлш дагаад өснө. Түүнийг дагаад иргэний авч идэх талхны үнэ өсчихнө. Том салбар хэрнээ монгол хүн бүрт мэдэгддэг, мэдрэгддэг салбар. Энэ бүгдээс харахад бид өөрсдөө яагаад нефть боловсруулах үйлдвэртэй байж болохгүй гэж. Олон жил ярилаа. Өмнөх Засгийн газрын ярьж, мэдээлж байснаар бид 2014 онд нефть боловсруулах үйлдвэртэй болсон байх ёстой доо?
-Олон жил ярьсаар л байна. 2008 оноос хойш сонгуулийн сурталчилгаа бүрт л энэ тухай амлаж, сайхан бүтээн байгуулалт ярьж, иргэдээ итгүүлсэн. Нефтийн үйлдвэртэй болоод бид сайхан амьдарнаа гэсэн. Одоо эргээд харахад ажил болоод иргэндээ, улс орондоо тус дэм болсон нь үгүй л байна. Монгол Улс нефтийн үйлдвэртэй байсан юм.


-Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефтийн ордод түшиглэсэн нефть боловсруулах үйлдвэрийг 1950-иад оны эхээр байгуулж, уг ордоос олборлосон тосыг нэрж автобензин, дизелийн түлш гаргаж байсан нь баримт байна лээ?


-Зүүнбаянгийн нефть олборлох үйлдвэр 1950 оны XII сард ашиглалтанд орж, тухайн ондоо 209.4 тонн тос олборлож байсан юм шүү. Оргил үедээ 150 мянган тонн олборлож байсан юм шүү. Харамсалтай нь 1969 оны XI сарын 8-нд крекинг байгууламж халуун эргэлтийн горимд ажиллаж байхад эвоаппараторын дээд тал тасран унаж тэсрэлт үүсэж, гал гарсан. Яагаад гал гарсныг сайн ойлгодоггүй юм.Тэр үед шатахуун авсан нь ашигтай гэж үзээд зогсоосон.
1996 онд Дорнод аймагт газрын тос олборлоод анхны Ерөнхийлөгч маань ноолууран дээлээ мялааж байхдаа долоон жилийн дараа Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж хэлсэн. Гэтэл одоо ч алга. Үнэнийг Монголын ард түмэн мэдэх ёстой. 1993 онд МАХН-ын Засгийн газар АНУ-тай гэрээ хийхдээ Монголд олборлосон газрын тосыг Монголд боловсруулахгүй гэж гэрээ хийсэн юм. 

-Олон нийт энэ талаар сайн мэддэггүй юм байна?


-Тухайн үеийн асуудал хариуцсан хүмүүс, эрх мэдэлтнээс асуухад “Ингэж хийл гэсэн. Тэрүүгээр нь хийлээ” гэж хариулсан. Америкчууд нь гэрээгээ хятадуудад шилжүүлчихээд яваад өгсөн. Харин бид нөгөө гэрээний заалтаа өөрчилж чадаагүй үлдсэн. Дорнодод нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гэхэд эрх зүйн хувьд боломжгүй болчихсон. Хүнийх болчихсон учраас тэр. 
Үүний учир шалтгаан нь шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүс улс орны эрх ашгаа тэргүүнд тавьдаггүй, гаднынхны эрх ашгийг дээдэлж, тэдний гар хөл болж, тос долоохын төлөө шийдвэр гаргадагт байгаа юм. Нөгөө талдаа төр барьж буй эрх мэдэлтнүүд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах сонирхол байхгүйд бас их учир байгаа юм.

-Өөдрөгөөр төсөөлөөд үзье. Хэрвээ олон жил, үе үеийн Засгийн газар ярьсан энэ том ажлаа нугалчихвал ямар ашиг тустай байхыг судлаачид хэлсээр байна. Эдийн засагт үзүүлэх нөлөө асар их шүү дээ?


-Тэгэлгүй яах вэ. Хэрвээ бид нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол жил бүр гадагшаа урсаад байгаа тэрбум 400 сая долларыг хэмнэх боломжтой. Энэ мөнгө эдийн засагт ороод ирвэл гадаад худалдааны тэнцлийг шийдчих бүрэн боломжтой. Гурван сая монголчуудын амьдралд эерэгээр нөлөөлж, эдийн засгийг өргөөд л явчихна. Ийм үйлдвэртэй болчихвол долларын ханш гэж сандарч суухгүй л байх ёстой юм. Монгол Улс зүүнээсээ баруун тийш 3000 гаруй км. Нутаг дэвсгэрийнхээ нэг цэгт нь үйлдвэр байгуулчихаад бүх зүгт тээвэрлэнэ гэдэг асуудалтай. Нефть боловсруулах үйлдвэрийн бүх бааз суурь нь байхад тэндээ жижиг үйлдвэр байгуулаад нэг хэсгээ хангах бүрэн боломжтой. Магадгүй Казакстан эсвэл Оросоос нефтээ аваад баруун талаа, төв хэсгээ бас нэг эх сурвалжаас хангана гэсэн бодитой бодлого, тооцоо хэрэгтэй. Нэг цэгээс бүх хэрэгцээгээ хангана гэсэн төсөөлөл бол эдийн засгийн анхан шатны ойлголт, мэдээлэлгүй хүний хийдэл.Нэг их мэдэгч хоёр сая тонн олборлохгүй бол Монголд боловсруулах үйлдвэр ашиг тусгүй гэж мэдэгдсэн. Жилдээ 100 мянган тонн олборлоод ашигтай байгаа үйлдвэр дэлхийд цөөнгүй бий.

-Монголчууд газрын тос боловсруулах үйлдвэртэй болчихвол дагаад олон үйлдвэр үүдээ нээх боломжтой юм билээ?


-Одоо мөрөөдлийн мэт санагдаж буй ч хийж чадахгүй, болохгүй зүйл байхгүй. Намайг Ерөнхий сайд байх жилүүдэд Монгол шатахууны маш хүнд байдалд орж байсан. Тэр үед судалгаа хийж, АНУ руу хүмүүсээ явуулж үйлдвэрийг нь танилцуулж байсан. Тэр үед 100 мянган тонн нефть боловсруулах үйлдвэрийг хоёр сарын дотор угсраад шатахуун гаргах боломж буйг хэлж байсан юм. Сүүлд ч 1990-ээд оны үед монгол инженерийн боловсруулсан боломжтой олон төсөл байж л байсан. Засаг төр солигдоод ажил болж чадаагүй юм.

-Монгол Улс дампуурлын ирмэгт байгаа талаар дотооддоо бус гадаадад ч мэдээлэл гарах боллоо. Бидэнд гарц бий гэдэгт итгэлтэй байна?


- Эх орныхоо талаар ийм мэдээлэл сонсох үнэхээр хэцүү. Монгол Улс дампуурлын ирмэгт тулна гэж хэзээ ч би төсөөлж байсангүй. Яагаад ийм байдалд хүрэв. Эрх барьсан энэ хоёр намын хуудуутай, бодлогогүй ажлын үр нь энэ. Үүнээс яаж гарах вэ, ямар арга зам байна вэ гэж олон хүн бодож бас асуудаг. Төрийн эрх мэдлээ танил тал , бүлэглэлийн эрх ашгийн төлөө ашигладаг хүмүүсийг сольж байж л бид хүнд байдлаас гарна. Төрийн толгойд авлигачид бөөс адил арзаганаж байгаа цагт бид хөгжихгүй. Гэрэл гэгээтэй зүйл өнөөдөр хэлэхэд маш хэцүү. Улс орны эрх ашгийн төлөө ажиллах, зөв шийдвэр гаргах зүрх сэтгэл эрх баригчдад ус агаар мэт дутагдаж байна. Үндэсний төрт ёс, олон улсынгеополитикийн орчин, монгол хүний сэтгэхүйн онцлог, ёс заншил, өв уламжлал, Монголын хөрсөнд буусан төрийн бодлого алга. Өөрөөр хэлбэл Монгол Монголоо таньсан бодлого бидэнд үгүйлэгдэж байна. Монголчуудын ирээдүй, эрх ашгийг бид л өөрсдөө хамгаалж, бүтээн байгуулна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
-Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа.