m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.17 08:41
159
Ц.Ганзориг: Өхөөрдсөөр байгаад өөрөө төлбөрт орох шинжтэй

“Өргөө” кино театрын хамт олон “Мэргэжлээ сольсон нь” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд “Аз жаргал” уран сайхны киноны уран бүтээлчид оролцсон бөгөөд тэд Өргөө-2 кинотеатрын үйлчилгээний хэсэгт ажилласан юм. СТА Ц.Ганзориг үзэгчдэд попкорн савлаж, ундаагаар үйлчилсэн бол жүжигчин Ч.Сэлэнгэ кассын хэсэгт ажилласан юм. Харин жүжигчин Б.Ариунчимэг билет таслагчаар ажиллаж, үзэгчдийг танхим байраа эзлэхэд нь туслалаа.

СТА, жүжигчин, “Аз жаргал” киноны зургийн дарга Ц.Ганзоригоос мэргэжлээ солих ямар байгааг тодрууллаа.

-Попкорн савлах хэсэгт томилогдсон. Хэр байна, ажил хэр явагдаж байна вэ?

-Ажил амжилттай сайхан байна. Өмнө нь өөрөө кино театраар үйлчлүүлж байсан болохоос үйлчилж байгаагүй, их сонирхолтой санагдлаа.

-Бэрхшээлтэй зүйл юу байв?

-Мөнгөний тооцоо хийх  болохоор л сандраад байх юм. Попкорныг савлаад сурчихлаа. Харин ундаа олгох үед бас их будилж байна. Яг энэ үеэр төрсөн өдөр нь болж байгаа хүүхдүүд хамт зургаа авахуулах гэж давхцаад бүүр их сандаргалаа.

-Хөгжилтэй явдал гарав уу?

-Сая нэг хүү 2000 төгрөгтэй ирээд попкорн, ундаа авна гээд зогсчихсон. Мөнгө нь хүрэхгүй гэж хэлж чадсангүй. Хувиасаа төлбөрийг нь төлөөд, өгөөд явууллаа. Ер нь иймэрхүү тохиолдол олон гарах юм бол өхөөрдсөөр байгаад өөрөө төлбөрт орох шинжтэй юм байна. Дашрамд хэлэхэд Өргөө-2 кино театрын хамт олонд “Аз жаргал” уран сайхны киноны хамт олны өмнөөс баярласнаа илэрхийлье.

-“Аз жаргал” уран сайхны кино хэзээ нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох вэ?

-Арванхоёрдугаар сарын 9-нд Өргөө-IMAX кино театрт албан ёсоор нээлтээ хийж, бүх театруудаар гарч эхэлнэ. Киноны ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, продюсераар н.Лхагва ажилласан. Киноны зураг авалт Сэлэнгэ аймагт явагдсан.

-Киноогоороо юуг өгүүлэхийг зорьсон бэ?

-Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ, гэр бүлийн нэг гишүүн дутахад ямар хэцүү байхыг киноноос үзэж мэдрээсэй гэж хүсч байна.  Кино маань 2017 оны дөрөвдүгээр сард болох олон улсын кино наадамд оролцохоор болсонд бас их баяртай байгаа.