m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.21 01:46
99
Дэлхийн аварга М.Анхцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ

Хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэг өнгөрсөн долоо хоногт Ази тивийн аварга болж, улмаар Мексикийн Мериад хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Олимпийн дараа улсын шигшээ багууд татан буугдсаны улмаас тус тэмцээнд явахад санхүүгийн бэрхшээл үүсэж, хувийн хэвшил болон иргэдийн тусламжтайгаар зардлаа босгосон хэдий ч дасгалжуулагч багштайгаа хамт боломжгүйд хүрсэн юм. Тив, дэлхийн тэмцээнд дасгалжуулагч байшгүйгээр оролцож, аваргалсан М.Анхцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ. 

М.Анхцэцэгт олимпийн наадмын дараа дөрвөн ч улсаас өндөр дүнтэй гэрээ байгуулах санал ирсэн ч татгалзсан талаарх мэдээлэл явж буй. Тэрээр саяхан болж өнгөрсөн тэмцээнүүдийнхээ дараа өөрийн нүүр хуудсандаа зарим асуудлын тайлбар хийсэн лайв байршуулсан юм. Тус бичлэгтээ"БНСУ-аас санал ирсэн. 20 мянган доллар биш. Гэхдээ тодорхой хэмжээнд их хэмжээний мөнгө амласан. Гэхдээ надад мөнгө чухал биш. Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй. Миний гол зорилго тэмцээн бүртээ Монголоороо овоглож гараад, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлэх байдаг. Хүмүүс энэ талаар их асуусан байсан. Албан ёсоор хариулт өгөх хэрэгтэй байх. Би гадагшаа явахгүй. Энэ шийдвэрийг гэр бүлийнхэн, багштайгаа ярилцаад гаргасан” гэсэн байна. 

Мөн тэрээр дасгалжуулагч багшгүйгээр тэмцээнд оролцсон талаараа "Ганцаараа явах хэцүү юм байна. Багшийгаа их үгүйлсэн. Бусад орны тамирчид “Багш чинь хаачсан юм бэ. Ганцаараа яваа юм уу” гээд их гайхаж байсан. Хүндийг өргөлт тооцоо хийнэ, диск угсарна, самбар дээр оролт тоолно гээд нэг дасгалжуулагч ч хүрэлцдэггүй онцлогтой спорт. Энэ удаагийн тэмцээний зардал нэг хүний 11 сая төгрөг болсон. Багштайгаа хамт явахад 22 сая төгрөг. Энэ их мөнгийг шууд тэр дор нь гаргаад өгөх хүн бараг байхгүй. Хүмүүс Асашёорюү аваргыг яагаад туслаагүй юм гэж их асуусан байна лээ. Аварга надад тусалдаг. Буруугаар ойлгох хэрэггүй. Хувцас, хэрэглэл, уураг витамин гээд олон зүйлээр тусалдаг. Энэ удаа харин “Ах нь боломжгүй байна” гэдгээ хэлсэн” гэжээ.