m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.24 01:16
225
Хүүхдээ өөртөө итгэлтэй болгож төлөвшүүлэх 11 арга

Аз жаргалтай амьдралыг цогцлооход хэрэгтэй нэн чухал чанар бол өөртөө итгэх итгэл юм. Хүн хичнээн мэдлэг, чадвартай байсан ч өөрийгөө үнэлэхгүй бол ямар ч талбарт амжилтанд хүрч чадахгүй.Тиймээс багаас нь хүүхдийг өөрийнхөө талаар эерэг сэтгэгдэлтэй болоход аав ээжийн хандлага хамгийн том нөлөөтэй.

 

1.Хайр энэрлийг мэдрүүл.

Бид хэвлийд байхаас нь л хүүхэддээ хайрыг мэдрүүлдэг байх ёстой. Та тэдэнд уурласан байсан ч “Хэрвээ чи төрөөгүй байсан бол...” “Чамайг гаргаснаас болоод...” гэсэн үгийг бүү хэл. Тэр таны хувьд ямар нандин хүн болохоо мэдрэх эрхтэй. Хайрлагдах нь амьдрах итгэлийг өгдөг.

2.Магтаж сайшаа.

Та хүүхдээ мэдлэг боловсролтой, мундаг хүн болгоё гэвэл гаргасан жаахан ч гэсэн ахиц, дэвшлийг нь магтаж байх хэрэгтэй. “Ээж нь хүүгээрээ (охиноороо) маш их бахархаж байна”,”Миний хүүхэд хамгийн мундаг нь...” гэх зэрэг үгийг тогтмол хэлж байгаарай.

3.Үнэмшилтэй бай.

-А үсэг бичиж, тавхан тоо тоолж сурлаа гээд түүнийг” Энэ дэлхийн хамгийн ухаантай хүүхэд” гэсэн цолоор өргөмжлөх хэрэггүй. Ингэх нь түүнийг дэндүү онгироо, сэхүүн болгож магадгүй. “Би” төвт үзэлд баригдсан хүүхэд найз, нөхөдгүй нэгэн болж хувирдгийг санахад илүүдэхгүй.

4.Зорилготой байхыг сурга.

Түүнийг шалгалтан дээрээ “80В” аваад ирэхэд нь “Сайн байна, дараагийн шалгалтан дээрээ “90А” авч чадна гэдэгт ээж нь итгэж байна” гэж хэлээрэй. Таван настай охиндоо орой ажлаасаа тараад ирэхэд үдээсээ үдэж сурах даалгавар өг. Энэ мэтчилэн жижиг зүйлс хүүхдэд тань өөрийгөө дайчилж сурахад тусална.

5.Өөрийг нь биш, гаргасан үйлдлийг нь шүүмжил.

Хэрэв таны хүүхэд дүүгээсээ тоглоомыг нь булааж авбал “Чи ямар муу хүүхэд вэ?” гэж зэмлэхийн оронд “Сайн ах нар дүүгээсээ тоглоом харамладаггүй юм” гэж хэлсэн нь дээр. Аль болох муухай, муу гэсэн үгийг хэрэглэхээс зайлсхий.

6.Хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэл.

Хэрэв таны хүүхэд” 2+2=3”гэж бичсэн байвал шууд буруутгахын оронд яагаад ийм хариу гаргасан учрыг нь асуу. Тэр таныг гайхшруулах шалтгааныг хэлж магад. Түүнчлэн бяцхан үрийнхээ мэдрэмжийг хүлээн зөвшөөр. Багшийнхаа хэлсэн шүүмж үгэнд гомдож суувал түүнд “Миний хүү багшийнхаа үгэнд гомдсон юм байна, тийм үү? гэж хэлээд бүх юм түүний сайн сайхны төлөө болохыг ойлгуул.

7.Хүүхдээрээ бахарх

Түүн шиг мундаг хүүгийн |охины |ээж, аав болсондоо ямар их баяртай байдгаа байнга мэдрүүлж байгаарай.

8.Бусдын талаар сайнаар ярь.

Найзууд, гэр бүл, өвөө эмээ зэрэг хайрлах ёстой хүмүүсийнх нь талаар эерэгээр ярьж өг. Тэднийг хайрлаж, энэрч байхыг сурга.

9.Хүүхдээ хэзээ ч бусадтай бүү харьцуул

Ялангуяа ах дүү, найзуудтай нь түүнийг жишиж болохгүй. Ингэх нь түүнийг өөрийнхөө талаар муугаар бодох, цаашлаад атаа хорсолтой болоход хүргэнэ.

10.Багш, асрагчид нь хүүхдийнхээ сайн чанаруудыг хэл.

Хүүхдийнхээ багштай уулзаж, тэдэнд түүний юуг хамгийн сайн хийж чаддаг, юунд маш их дур сонирхолтой болохыг нь хэл. Таны хүүхэд бусдаас юугаараа өөр болохыг нь ойлгуул. Ингэвэл тэд таны үрийг эерэг нүдээр харна.

11.Эцэг, эх ч бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

Та өөрийгөө ч бас эерэг өнцгөөс нь харж сурах ёстой. Хэрэв та өөрөө бүрэг, дуугүй, гутранги нэгэн бол хүүхдээ зоригтой болгож өсгөнө гэдэг юу л бол. Өөдрөг хүн л хэн нэгнийг үнэлж байгаагаа харуулж чадна.