m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.24 09:29
98
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл аж ахуй нэгжүүдийнхээ өр төлбөрийг хойшлуулах, арга хэмжээ авах асуудлыг Засгийн газар анхааралдаа авах ёстой” гэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Эдийн засаг хямарсан энэ үед татвар төлж чадахгүй, нийгмийн даатгалын өрөө төлж чадахгүй байгаа 4000 гаруй аж ахуй нэгжийн дансыг эхний ээлжинд нээсэн. Мөн хууль хяналтын байгууллагуудын хууль бусаар дарамт учруулж байгаа асуудлыг Засгийн газрын гишүүд хариуцан ажиллаж байна” гэв.

УИХ-ын гишүүн М.Билэгт “Далай ламын айлчлалаас болж гадаадын зээл тусламж гацсан эсэх талаар тодрууллаа. С.Бямбацогт сайд “Далай ламыг Засгийн газар уриагүй. Манай Бурхан шашны төвийн урилгаар ирсэн гэж би хэвлэлээс уншсан. Монгол төр, шашин тусдаа үйл ажиллагаа явуулдаг байгууллага” гэсэн тайлбар өгөв. Байнгын хорооны хуралдаанаас гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг нийт гишүүдийн 82 хувийн саналаар баталлаа.