m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.12.02 08:59
93
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2016 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 73.0 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, 63.0 мянган хүн асаргааны тэтгэмж, 67.0 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж, 31.0 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж, 141.0 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тусламж үйлчилгээг, 4.0 мянган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг халамжийн сангаас аваад байна. Түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 3.0 мянган хүн, “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжид 207.0 мянган хүн, цаатан иргэнд олгох мөнгөн тэтгэмжид 3,0 мянган хүн, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид 134.0 мянган хүн хамрагджээ. Жилд дунджаар нийтдээ 730.0 мянга орчим иргэн халамжийн үйлчилгээ хүртэж байна.

2015 оны жилийн эцсийн байдлаар хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээнд 260.6 тэрбум төгрөгийг зарцуулсан нь ДНБ-ий 1.1 хувь, хүүхдийн мөнгийг оруулан тооцвол ДНБ-ий 2,1 хувьтай тэнцэж байна.

Өнгөрсөн 6 дугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн дараа буюу 2016 оны 7 дугаар сарын байдлаар улсын төсөвт хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэр нь бүрэн зарцуулагдаж, 2016 оны батлагдсан төсөв болох 144.0 тэрбум төгрөгийг 6 дугаар сард зарцуулж дууссан байсан. Өнгөрсөн жилүүдэд хүний хөгжил санд хангалттай орлого төвлөрөөгүй, Засгийн газраас бонд гаргах замаар хөрөнгө босгож хүүхдийн мөнгийг санхүүжүүлж иржээ. Иймд хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг цаашид улсын төсөвт шилжүүлж, шийдвэрлэх асуудал тулгамдаж байсныг Засгийн газар шуурхай шийдвэрлэж, улмаар хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн” гэлээ.

Түүнчлэн “Нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, өнөөгийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийж, халамжийн туслалцаа хамгийн их шаардлагатай ядуу иргэдэд чиглэсэн дэмжлэгт илүү хөрөнгө хуваарилна. Энэ зорилгоор халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний нэр төрлийг оновчтой тогтоон зарим хөнгөлөлт, тусламжийг нэгтгэн багцалж, халамжийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлнэ. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлнэ.

Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх дээрх бодлогын шинэчлэлийн зэрэгцээ хүн амын бүлгүүдийн хөгжлийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас дараах арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого гаргаж, Ач санах тухай хуулийг батлуулж, азай буурлуудад "Насны хишиг" тэтгэвэр олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ” гэсэн зорилтын дагуу ахмад настанд “Насны хишиг”-ийг жилд 2 удаа олгож байхаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан.

Энэ хуулийн хүрээнд 120,0 орчим мянган ахмад настанд жилд 2 удаа 50.0-250.0 мянган төгрөгийн тэтгэмж олгох нөхцөл бүрдэж, азай буурлуудын амьжиргаанд нь дэмжлэг үзүүлсэн нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдлээ.

Засгийн газраас ахмадууддаа насны хишиг олгох төдийгүй тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, хуримтлуулсан мэдлэг, ур чадварыг нь хойч үедээ өвлүүлэх зорилгоор ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байна.

Хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг хүн амын цонх үе буюу төрөх насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байгаа одоо үед л хэрэгжүүлэхгүй бол цаашид ахмад настны тоо нэмэгдэж, төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсан үед төрөөс төрөлтийг дэмжих бодлого боловсруулаад үр дүнгүй байх болно.

Иймд хүн амын өсөлтийг дэмжих, 2 хүртэлх настай хүүхэдтэй болон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой “Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцүүлээд байна гэлээ.