m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.05 07:20
40
Газар өмчлөлийн хуулийн хугацаа ирэх сарын 1-нд дуусна

Газар өмчлөлийн тухай хуульд “Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлнэ” гэж заасан байдаг. Гэр бүлийн хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусна. Ийнхүү хуулийн хугацаа нь дуусгавар болж байгаатай холбогдуулан өнөөдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас мэдээлэл хийхээр болжээ.

Газар өмчлөх гэдэг нь тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субъектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол Улсад газар өмчлөх боломжгүй юм.

Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.