m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.10 07:11
315
А.ГАНТӨМӨР: МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТҮРЭЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ

Мэдээлэл технологийн үндэсний паркийн үйл ажиллагааны чиглэл алдагдаж байна хэмээн залуу хуульчдын "Хос дэнс" клубийн тэргүүн А.Гантамир, тус паркийн үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэднийг мэдээлэл хийж байхад МТҮП-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхсүх, Үйлдвэрчний эвлэлийн одоогийн дарга Х.Лхагвасүрэн болон тус паркийн ажилчид хэвлэлийн бага хурлын танхимд орж ирж, байгууллагыг нь төлөөлөх эрхгүй этгээдүүд үйлдвэрчний эвлэлийн нэрийг барьж ташаа мэдээлэл тарааж байна хэмээн мэдэгдсэн юм. 

ШУУД ҮЗЭХ

Хэвлэлийн бага хурлын үеэр тэд МТҮП-ийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар өөр өөрийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна

"ГАРААНЫ КОМПАНИУДАД ҮНЭГҮЙ АШИГЛУУЛАХ ЁСТОЙ ИНКУБАТОРУУДАА ТҮРЭЭСЭЛЖ БАЙНА"

Залуу хуульчдын "Хос дэнс" клубийн тэргүүн А.Гантамир "Өнөөдөр миний бие МТҮП-ийн захирал Ц.Содномдамба гэдэг хүн ёс зүйн болон хуулийн ямар зөрчил гаргасан юм бэ гэдгийг мэдээлэх гэж байна. Хэд хэдэн зүйл хэлнэ.

Нэгдүгээрт, IT парк бол мэдээллийн технологийн чиглэлээр гарааны бизнес эрхэлж байгаа компаниудыг бойжуулан гаргах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр энэ байгууллага гарааны компаниудад үнэгүй ашиглуулах ёстой инкубаторуудаа түрээсэлж байна. Зүгээр нэг түрээсийн байгууллага болоод хувирчихлаа. Та бүхний сайн мэдэх "Утааны эсрэг ээж аавууд" ТТБ, Косен гэх Японы байгууллага, Хуулийн фирм, "Занданшатар" нэртэй шатрын клуб гэх мэт болон бусад байгууллагууд МТҮП-ийн хоёр давхарт түрээсээр үйл ажиллагаа явуулж байна. 

"Утааны эсрэг ээж аавууд" ТТБ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүгийн нөхөр нь МТҮП-ийн маркетингийн хэлтсийн даргын албан тушаалыг хашдаг бол хуулийн фирм нь бартер нэрээр үнэгүй суудаг. 

Дээрх хууль бус асуудал гарч байгаа учраас үүнийг шалгуулахаар МТҮП-ийн үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэн хууль хяналтын байгууллагад хандсан. Үүний дагуу 2017 оны зургаадугаар сарын 30-нд АТГ-аас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт хандаж гомдол шалгуулах тухай албан бичиг хүргүүлсэн. Үүнд, 

"МТҮП-ын Гүйцэтгэх захирал Ц.Содномдамба нь төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулж түрээслэхдээ Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг мөрдөөгүй үлгэрчилсэн загвараар бус өөрсдийн баталсан гэрээг өөрт ашигтайгаар ашигласан, бусдад давуу байдал олгосноос гарааны компани, иргэнийг бойжуулах зорилго бүхий байгууллагын 2 дугаар давхарын хэсгээс танил, найз нөхөддөө нийт 281 м/кв талбайг түрээслүүлсэн, зарим компанид бартер нэрээр үнэгүй ашиглуулсан, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг бүрэн оруулаагүй санхүүгийн үйл ажиллагаанд доголдол гарсан, Хөдөлмөрийн хууль, 3 талд хамтын гэрээг зөрчиж зарим ажилтнуудыг хууль бусаар ажлаас халсан зэрэг зөрчлүүд үүссэн байна" гэсэн албан бичиг байгаа. Энэ асуудал дээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Тийм учраас МТҮП-ийн үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэн бидэнтэй хамтарч өнөөдөр мэдээлэл хийж байгаа юм.

Хоёрдугаарт, МТҮП-ийн ажилчид ажлын цагаар албан тасалгаандаа юу хийж байгааг харуулсан бичлэг бидэнд байгаа. Уг бичлэг дээр ажилчид PC тоглоомын газарт тоглуулдаг дота гэх тоглоомыг тоглож байгаа нь харагдана. Энэ байж болох асуудал уу гэдгийг удаа дараа асуусан ч ямар нэгэн хариу аваагүй л байна" гэв.

Үргэлжлүүлэн  МТҮП-ийн үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэн мэдээлэл хийв. Тэрбээр "МТҮП-ыг Засгийн газрын тогтоолоор аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгосон. Ингэснээр парк өөрийн үйл ажиллагаанаас ашиг олох зорилготой болсон. Зарим нэг өрөө тасалгаагаа түрээлсэлж болно гэсэн үг. Гэхдээ хоёрдугаар давхрыг зөвхөн инкубаторт зориулж тохижуулсан. Гарааны компаниуд 2.5 жил үйл ажиллагаагаа явуулаад хөгжөөд гарах зориулалттай. Харин Ц.Содномдамба захирал орж ирээд хоёрдугаар давхрын өрөөнүүд арай илүү тохь тухтай юм байна. Тиймээс түрээслэнэ гэсэн. Тэгээд инкубаторт байсан компаниудаа шахаж гаргасан. 

Мөн МТҮП өөрөө вэб сайт хийнэ гээд хувийн компаниудаа дэмжих биш бүр өрсөлдөж эхэлсэн. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг ашигтай ажиллуулах гэсэн нэрийн доор зөвхөн ашиг олохын төлөө ажиллаж байна" хэмээн ярилаа.

"ӨРГӨӨТЭЙ ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧЛЭХ ГЭЭД ШҮҮХЭЭР ЯВЖ БАЙГАА УЧРААС ХУУЛИЙН ФИРМИЙГ БАРТЕРААР СУУЛГАЖ БАЙГАА"

МТҮП-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны одоогийн дарга Х.Лхагвасүрэн "Манай парк дээр дурдсан, уншиж танилцуулсан үйл ажиллагаануудыг явуулж байгааг би дотор нь ажиллаж байгаа хүний хувьд сайн мэдэж байна. Хуучин ҮЭХ-ны дарга Б.Лхагвасүрэн удаа дараа ажлын хариуцлага алдсан, ажлаа тасалсан гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан хүн.

Би нярав ажилтай. МТҮП зөвхөн түрээсээр  л ашиг олдог. Ц.Содномдамбыг ажил авахад манай парк 400 орчим сая төгрөгийн өртэй байсан. Бид залуу хүмүүс нэгдээд, хамтарч ажиллаад паркаа хөл дээр нь босгоё гээд ажиллаж байна. Манай ажилчид урт хугацааны урамшууллаа хасуулаад ажиллаж байгаа. Манай барилгын нийт талбайн 50 орчим хувийг Өргөө кино театр түрээсэлдэг. Ингэхдээ м/кв-ыг 6,000 төгрөгөөр буюу маш бага мөнгөн дүнгээр түрээсэлдэг.Гэрээгээ шинэчлэх гээд шүүхээр явж байгаа учраас хуулийн фирмийг бартераар суулгаж байгаа нь үнэн. 

Косен гээд Японы байгууллагын хувьд 1 м/кв-ыг 40,000 төгрөгөөр буюу хаана ч байхгүй өндөр үнээр түрээсэлдэг.

Ажлаас гарчихсан байж, манай байгууллагын нэр барьж мэдээлэл хийж байгаа та нарт ёс зүй гэж байна уу. Манайд намраас хойш 3, 4 удаа шалгат орсон. Ямар ч алдаа гараагүй. Угаасаа та нар цаанаа улс төрийн дэмжлэгтэй гэж хардаж байна" гэлээ.

"Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас манайд хэд хэдэн удаа шалгалт хийсэн. Ингээд өндөр үнээр түрээслүүлж чадсаныг сайшаасан байгаа. Манай өрөө тасалгааг төрийн болон төрийн бус гээд янз бүрийн байгууллагууд түрээсэлж байгаа. Гэхдээ "Утааны эсрэг аав ээжүүд" гэх ТББ огт байрладаггүй. 

Мөн манай ажилтнууд албан тасалгаанд цахим тоглоом тоглож байна гэх зургийг анх удаа харж байгаа учраас манай ажилтнууд мөн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ асуудлыг нягталж шалгана. Ер нь бол ажлын байранд ажлын цагаар цахим тоглоом тоглох боломжгүй. Манай байгууллагын интернет хаалтын системтэй. Зарим сайт руу орохыг хязгаарласан байдаг" хэмээн МТҮП-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхсүх хэлэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр