m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.13 09:05
126
БАГШ НАР ИРЭХ САРЫН НЭГНЭЭС АЖИЛ ХАЯНА

Багш нар боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ. Хэрэв шаардлагын хариуг энэ сарын 30 гэхэд ирүүлэхгүй бол хуулийн хүрээнд тэмцэж, тавдугаар  сарын 1-нээс ажил хаялт зарлана гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Өнгөрсөн онд багш нар ажил хаясан ч цалингаа нэмүүлж чадаагүй. Засгийн газар энэ байдлыг харгалзан үзэж төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн тэтгэмж олгох шийдвэрийг баталсан. Энэ тухай Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчдийн эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг “Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан боловч одоог хүртэл бодит үр дүн гараагүй” гэлээ.

Боловсролын салбарын төлөөллүүд ‘Бид уртасгасан цагаар маш их ачаалалтай ажилладаг учир тэмцэх ч завгүй байдаг. Тиймээс үйлдвэрчдийн эвлэлийн холбоогоор дамжуулан энэхүү шаардлагыг хүргүүлж байна’ гэв.

Шинэ хичээлийн жил эхлэхэд “багш нарын цалинг нэмэхгүй бол 2018-2019 оны хичээлийг эхлэхгүй байх магадлалтай” гэж Шинжлэх ухааны хүрээлэнгийн үйлдвэрчдийн эвлэлийн холбооны дарга Т.Баясгалан хэлсэн юм. Багш нар жил бүр ажил хаяад байвал боловсролын систем доголдож олон мянган сурагчид хохирох нь ойлгомжтой.

Өнгөрсөн онд салбарын сайд Ц.Цогцолмаа “багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх тал дээр тууштай зогсоно” гэж хэлж байсан юм.

Засгийн газарт хүргүүлж буй багш нарын шаардлага

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар хийх “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор яаралтай хийж тохиролцоонд хүрэх

“2018 оны улсын төсөвт 56.6 тэрбум төгрөг тусгаж, төсвийн байгууллагын ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлнэ” гэсэн “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг сургууль, цэцэрлэгийн амралт эхлэхээс өмнө хэрэгжүүлэх

УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 4, 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгох асуудлыг УИХ-д тавьж, шийдвэрлүүлэх

Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш, албан хаагчдын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу олгогдох урамшуулал төсөвт бүрэн тусгагдаагүй тул улсын төсөвт тодотгол хийх

БСШУСЯ, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-оос “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлтээр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудлаар тодорхой арга хэмжээ авах