m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.18 09:58
88
Тээврийн хэрэгслийн өмчлөлийн лавлагааг ТҮЦ машинаас олгож байна

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, аж ахуй нэгжүүдэд үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэх үүднээс шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлжээ.

Иргэд, аж ахуй нэгжүүд одоо болон өмнө нь эзэмшдэг байсан тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг зөвхөн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив лавлагааны тасгаас авдаг байсан бол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 108 ТҮЦ машинаас авах боломжтой юм байна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож цаг хугацаа, ачааллыг бууруулж байгааг албаныхан хэлж байна.

Энэхүү лавлагааг халамжийн үйлчилгээ, банк санхүүгийн байгууллагаас зээл авах, төрийн болон хууль хүчний байгууллагуудад тодорхойлолт бүрдүүлэх зэрэг тохиолдолд шаарддаг тул өөрт хамгийн ойр байрлах ТҮЦ машинаас авах боломжийг Автотээврийн үндэсний төвөөс ийнхүү бүрдүүлжээ.

Тус газрын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс өдөрт дунджаар 1000-1200 тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийж, улсын дугаар олгох үйлчилгээ үзүүлдэг байна. Одоогийн байдлаар 1000 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг ТҮЦ машинаас авсан бөгөөд иргэдийн цаг мөнгийг хэмнээд зогсохгүй, үйлчилгээний ачаалал буурсан үр дүнтэй ажил болсон гэдгийг албаныхан хэллээ.