m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.25 09:02
192
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нэгдүгээр улиралд 364 хэрэг шийдвэрлэжээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны  нэгдүгээр улиралд 285 эрүүгийн хэрэг, 66 зөрчлийн хэрэг, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хууль буцаан хэрэглэх ажиллагаанд гаргасан давж заалдах гомдлын 13 хэргийг тус тус шийдвэрлэсэн ба нийт давж заалдах журмаар 364 хэргийг шийдвэрлээд байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 206 эрүүгийн хэрэг, 58 захиргааны зөрчлийн хэрэг тус тус шийдвэрлэсэн байх ба нийт давж заалдах журмаар 264 хэргийг шийдвэрлэжээ. 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар шийдвэрлэсэн нийт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 72.5 хувь буюу 100 хэргээр өссөн бөгөөд үүнийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой өсөлт гэж үзэж байна.

2018 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд давж заалдах журмаар эрүүгийн 606 хэрэг шийдвэрлэснээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 285 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь нийт улсын хэмжээнд шийдвэрлэсэн хэргийн 47 хувийг эзэлж байна.

Эрүүгийн 285 хэрэг давж заалдах журмаар хянан хэлэлцсэнээс 35.7 хувь буюу 102  хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 23.8 хувь буюу 68 шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, 40.3 хувь буюу 115 шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаажээ.

Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангитай онлайнаар холбогдож, өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 83 шүүгдэгч, ялтны хүсэлтийг хүлээн авч 69 удаагийн онлайн шүүх хуралдаан хийсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 114 шүүгдэгч, ялтны хүсэлтийг хүлээн авч онлайн шүүх хуралдааныг 92 удаа явуулсан байна. Энэ өнгөрсөн оныхоос 33 хувиар өссөн байна.

Олон нийтийн анхаарал татсан “Б.Дашзэвэгт холбогдох”, “13 настай охин амиа алдсан гэх тодотголтой Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох”, “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Эрдэнэс таван толгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн нарт холбогдох” гэх мэт эрүүгийн хэргүүдийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэсэн байна.