m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.27 10:05
83
АВТОМАШИНЫ ХУЛГАЙН ЭД АНГИ, АККУМЛЯТОР ДАМЖУУЛАН БОРЛУУЛДАГ 38 ЦЭГИЙГ ХААЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд үйлдэгдээд байгаа нийт гэмт хэргийн 40-өөд хувийг хулгайлах гэмт хэрэг, тэр дундаа автомашины хулгай эзэлж байна. 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар гэхэд нийт 7975 гэмт хэрэг бүртгэгдсэний 3293 нь хулгайлах гэмт хэрэг байжээ. Нийслэлийн цагдаагийн газраас энэ төрлийн гэмт хэргүүдийг илрүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажилласан бөгөөд автомашин хулгайлж зарж борлуулдаг, унаж сэлгүүцэж байгаад энд тэнд орхидог 2-3 бүлэг этгээдүүдийг баривчилсан байна.

НЦГ-аас автомашины эд анги, аккумлятор хулгайлдаг, машин бүтнээр нь хулгайлдаг бүлэг этгээдийг мөрдөн шалгаж, баривчилсан бөгөөд дамжуулан борлуулдаг цэгүүдэд шалгалт хийж, зөрчилтэй нь тогтоогдсон 38 цэгийг хаасан байна. Тиймээс иргэд хулгайн эд зүйлс худалдаж авах, цаашаа дамжуулан борлуулахгүй байхыг НЦГ-аас анхаарууллаа.

Сүүлийн үед Prius10, 20 маркийн машинууд бүтнээрээ алдагдах гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсон бөгөөд одоогоор 30 орчим автомашиныг олж тогтоосон байна. Уг хэргийг УБ хотын харьяа 23-25 орчим насны залуучууд бүлэглэн үйлдсэн нь тогтоогджээ. Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат УБ хотод оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй 16-17 орчим насны этгээдүүд Toyota Cresta, Chaser, Accent  маркийн 12 автомашиныг хулгайлаад УБ хотын нутаг дэвсгэр тэр дундаа гэр хороололд орхисон байсныг илрүүлсэн байна. Одоогоор зургаан автомашиныг олоод байгаа юм байна.