m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.30 03:19
41
Улиастайн гүүрээс Налайх- Чойрын уулзвар хүртэлх замын ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ

НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Авто замын салбарт 2 жилийн хугацаанд  таван томоохон гүүр барихаар төлөвлөсөн. Үүний нэг болох  Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажил эхлээд байна. Энэ  ажлын хүрээнд 7 байршилд түр зам барин авто замын ачаалыг зохицуулж байгаа. Үүнээс хамгийн их ачаалал авч байгаа Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбосон түр замыг түр хугацаагаар хааж, төмөр замын гарам дээр хамгаалалт байрлуулж, явган хүний замын ажил хийгдэж байна.

Гүүрэн замын ажлын гүйцэтгэлийг  1,6 жилийн хугацаанд зам хаахаар болсон. Хугацаандаа амжуулахын тулд 3 ээлжээр 24 цагийн хугацаанд ажиллаж байна.  Гүүрэн гарцын ажил  нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх юм. Харин ажлын гүйцэтгэлийг хийж байгаа ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниудад нийт ажилчдын 70 хувь нь Монгол иргэд байхаар үлдсэн нь нарийн мэргэжлийн инжинер техникийн ажилчид байхаар үүрэг өгсөн гэж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэллээ.

 

Улиастайн гүүрээс Налайх- Чойрын уулзвар хүртэлх замын  газар шорооны ажил тавдугаар сард эхэлнэ

НИТХ-ын дарга С.Амарсайхан  өнөөдөр Улиастайн гүүрээс Налайх- Чойрын уулзвар хүртэлх 25 км  авто замын өөрчлөлтийн асуудлаар ерөнхий гүйцэтгэгч болох CRCC компанийн "кэмп"-д очиж бэлтгэл ажилтай танилцсан юм. Хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээ нь 2 жилийн өмнө байгуулагдсан боловч одоогоор зөвхөн бэлтгэл ажлаа хангаж техник, тоног төхөөрөмжөө Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулан суурилуулсан байгаа. Мөн ажилчдын байрыг бэлэн болгосон бөгөөд нийт  300 гаруй хүний багтаамжтай байх юм байна. Эдгээр ажилчдын 120 орчим нь  БНХАУ-аас ирэх нарийн мэргэжлийн инжинер, техникийн ажилчид байх бөгөөд үлдсэн нь Монгол ажилчид байх юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Хэдийгээр бэлтгэл ажил хангагдсан гэх боловч хангалтгүй байна. Гэрээ байгуулаад 2 жилийн нүүр үзэж байхад одоог хүртэл түр зам тавих уу, хуучин замаа ашиглах уу гэдэг шийдлээ ч гаргаагүй байна. Нийслэлийн зүгээс замын ажлыг эхлүүлж, эрчимжүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана, та нөхөд өөр өөрсдийн хариуцсан ажилдаа эзэн байж зам барилгын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гээд  Налайх дүүрэгт 40 мянган иргэн, 10 гаруй мянган айл өрх бий. Тэдний дунд ажил эрхлээгүй иргэд цөөнгүй байгаа. Эдгээр иргэдийн зарим нь замын бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтээ ч илэрхийлж холбоо байгуулсан. Том оврийн ачааны машинтай иргэд нэгдээд замын ажилд оролцох хүсэл сонирхолтой байгаагаа ч илэрхийлсэн. Тиймээс аль болох орон нутгийн иргэдийг бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулж, тэднийг  ажлын байраар хангах тал дээр анхаарч ажиллахыг тус замыг барьж байгаа компаний удирдлагуудад зөвлөлөө. Мөн өөрсдөөс шалтгаалах бэлтгэл ажлыг хангалттай хэмжээнд базааж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тоосжилтыг бага байлгах ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдалд нөлөөлөхгүй байх хэмжээнд энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй" гэсэн үүргийг Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон ерөнхий гүйцэтгэгч компанид өглөө.

Өнөөдрийн мэдээллээр бол тус чиглэл дэх замын ажлын газар шорооны ажлыг 5-р сардаа эхлүүлнэ. Мөн одоо явж байгаа замыг ашиглах боломжгүй тул туслах, сайжруулсан шороон замыг ашиглалтанд оруулна гэлээ.