m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.03 02:47
168
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Харин Монголд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхийн 100 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Уг өдрийг жил бүр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс”сэдвийн дор тэмдэглэж байна.

2017 оны байдлаар “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ-аас “Хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулсан. 
180 улс орныг хамруулсан уг жагсаалтад Монгол Улс 2016 оныхоос 9 байраар ухран 69 дүгээрт бичигдсэн юм. 2017 он гарснаас хойш найман сэтгүүлч, нийгмийн сүлжээний хоёр идэвхтэн, хэвлэл мэдээллийн салбарын нэг ажилтан амь үрэгдээд байна. Мөн 193 сэтгүүлч, нийгмийн сүлжээний 166 идэвхтэн болон хэвлэл мэдээллийн салбарын 10 ажилтан шоронд хоригджээ.

Нийгмийг соён гэгээрүүлж, олон нийтийн дуу хоолой болсон энэ чухал салбар Монголд хангалттай чөлөөтэй хөгжиж чадаж байгаа юу? Чухамдаа Хэвлэл мэдээлэл хангалттай чөлөөтэй хөгжиж байж иргэд амьдарч буй нийгмийнхээ хөгжлийн талаар мэдээлэл авч, оновчтой шийдвэр гарган, авилга, дарангуйлал, шударга бус явдлыг илрүүлэн тэмцэх боломжтой. 

Ёс зүйтэй, ёс суртахуунтай, бодит үнэн мэдээллийг олж, түгээхийн төлөө #Тэмцэгч эрхэм сэтгүүлчид та бүхэндээ "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийн мэнд хүргэж үзэг тань хурц, үг тань үнэн, мэлмий тань тунгалаг, оюун тань цэлмэг байхыг хүсье