m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.07 08:06
89
100 сая төгрөгийн азтанууд шагналаа авлаа

“Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриатай “Татвар төлөгчдийн өдрүүд” өнөөдрөөс эхэлж байна. Мөн өнөөдөр НӨАТ-ын сугалааны азтануудад шагналыг нь гардуулж өглөө.

2018 он гарсаар нийт 108,483,246 баримт хэвлэгдэж, үүнээс 71,965,001 нь баталгаажжээ. Дөрөвдүгээр сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн азтанаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г.Чинзориг тодорсон юм. 

Харин супер шагнал буюу 100 сая төгрөгийн азтанаар хоёр сугалаа тодорсон бөгөөд журмаараа дээрх шагналыг хоёр азтан тэнцүү хувааж авах учиртай. Энэхүү супер шагналын эзнээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн С.Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Туул нар тодорчээ.

ЕБС-ИУДАД  “БИ-ИРЭЭДҮЙН ТАТВАР ТӨЛӨГЧ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛИЙГ ЗААНА

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг гурван үндсэн чиглэлээр явуулахаар төлөвлөжээ.

  1. Цахим талархал
  2. Сургалт 
  3. Зөвлөгөө, үйлчилгээ

Татварын ерөнхий газар энэ жил анх удаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчиддөө талархал илэрхийлж, хүн бүрт цахим хэлбэрээр талархал илгээж байгаа аж. Цахим талархлыг татвараа төлсөн иргэн, ААН, байгууллагууд www.ebarimt.mn цахим хуудсуудаар шалгах, төлсөн татвараа олон нийтэд түгээх боломжтой юм. 

Сургалтын хувьд орон даяар ерөнхий боловсролын сургуулиуд болон их, дээд сургуулиуд дээр Татварын улсын ахлах байцаагч нар очиж, “Би-Ирээдүйн татвар төлөгч” сэдэвт нээлттэй хичээлийг заах юм байна. Энэхүү хичээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран нийслэлийн хэмжээнд 38 их, дээд сургууль, 100 гаруй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад заахаар төлөвлөжээ. 

Мөн ирээдүйн татвар төлөгчдийг идэвхтэй оролцуулах үүднээс “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом бүтээх уралдааныг их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд, ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж байна. 

“Татварын тайлангаа хэрхэн илгээх вэ?”, “Татвар төлөгч танд асуулт байна уу?”, “Татварын үйлчилгээний талаархи шинэчилсэн мэдээлэл” зэрэг сэдвээр татвар төлөгч иргэн, ААН, байгууллагууд дээр нь очиж сургалт явуулна. 

Түүнчлэн Татварын албаны ахмадууд “Ebarimt-аа хэрхэн бүртгүүлэх вэ?” сэдэвт сургалтыг сум, дүүргийн Хорооны байранд зохион байгуулж, тухайн орон нутгийнхаа ахмадуудыг сургалтад хамруулна. Үүнээс гадна, Татварын алба, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоотой хамтран зах, худалдааны төвүүдээр “Татвар төлөгч танд зөвлөе” уриан дор бизнес эрхлэгчдэд ажлын байран дахь зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, цахим төлбөрийн баримтын системд холбох ажлыг зохион байгуулж, татвар төлөгчиддөө хүрч үйлчлэхийн зэрэгцээ НӨАТ-ын и-баримт олгож байгаа ААН, байгууллагуудыг сурталчлах зорилгоор стикер нааж байгаа аж. 

 

Эх сурвалж: Татварын Ерөнхий газар