m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.09 05:32
244
“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ИЙН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Үндэсний үйлдвэрлэгч “Монгол Базальт” ХК-ийн нээлттэй хувьцаат компани болж нэмэлт хувьцаа гаргах үйл ажиллагааг эхлүүлж Монголын хөрөнгийн биржийн цан цохих ёслолын арга хэмжээ өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Цан цохих үйл ажиллагаанд Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Монгол Базальт” ХК-ийн Ерөнхий захирал Л.Ариунболд, “Бумбат-Алтай ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ын дарга Ш.Батжаргал, “Гаүли ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хан Гю Бун, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК-ийн захирал Ч.Жаргал, Японы Марүбэни худалдааны компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Оно Казүяки, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар оролцож Монголын хөрөнгийн биржийн 2018 оны 5 сарын 9-ний өдрийн арилжааг эхлүүлэн хүндэтгэлийн цанг цохилоо.

“Монгол Базальт” ХК нь нийт хувьцааны 30 хувь болох 16,925,100 ширхэг хувьцааг тус бүрийг 380 төгрөгийн тогтоосон үнээр Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй худалдаж нийт 6,431,538,000 төгрөгийг татан төвлөрүүлнэ. Үнэт цаасны захиалгыг 2018 оны 5 сарын 14-ний өдрөөс эхлэн 5 сарын 23-ний өдөр хүртэл авч анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үндсэн андеррайтераар “Бумбат Алтай ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Гаүли ҮЦК” ХХК, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК ажиллаж байна.

Энэхүү IPO нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Монгол Базальт” ХК-ийн тасралтгүй хөгжүүлсэн үйлдвэрлэлийн ноу-хау, техник технологийн хөгжил дэвшлийг олон нийттэй хамтран эзэмшин, ирээдүйн хөрөнгө оруулалтаар төв Азидаа өндөр технологи шингээсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлогч компани болох чухал алхам болж байна гэж Ерөнхий захирал Л.Ариунболд онцоллоо.

“Монгол Базальт” ХК-ийн үнэт цаасыг олон нийтэд танилцуулах нээлттэй үйл ажиллагаа 5 сарын 12-ний Бямба гарагт 11 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд болох тул сонирхсон хөрөнгө оруулагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.