m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.09 06:49
150
ЗАЙСАН ТОЛГОЙ ДАХЬ ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

Өнөөдөр Ялалтын баярын 73 жилийн ойн өдөр. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаа дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч, фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.

Ялалтын түүхт ойн энэ өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Даваа болон албаныхан, ОХУ-ын Элчин сайдын яамныхан, манай улсад ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. 

Ялалтын баярын талаар нэмэлт мэдээлэл хүргэхэд, одоогоос 73 жилийн тэртээх 1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн II дайныг өдөөгч Гитлерийн Герман Берлин хотод үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар энэ өдрийг албан ёсоор Зөвлөлтийн ард түмний ялалтын баяр болгон тэмдэглэх болсон юм. Энэ өдөр бол ганц зөвлөлт ч гэлтгүй Дэлхийн II дайнд зовж, зүдэрсэн бүхий л ард түмний ялалтын баяр билээ. 

Энэхүү дайнд нийт 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.

Москвагийн цагаар 10:00 цагт Кремлийн цаг дуугарч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин индэрт гаран, ахмад дайчид, алба хаагчид, цэрэг армийн бие бүрэлдэхүүнд Ялалтын баярын өдрийн мэнд хүргэснээр Баярын үйл ажиллагаа  албан ёсоор эхлэх юм.

ШУУД ҮЗЭХ:https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1907679692577847/

                        https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1907764592569357/

ЭНЭ ӨДӨР ТҮҮХИЙН ХУУДАСНАА

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг. Дэлхий даяар 60 гаруй сая хүний алтан амийг авч одсон дэлхийн хоёрдугаар дайны ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, бүтээсэн гавьяа асар их билээ.

Дайны хүнд жилүүдэд монгол хүн бүр “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн нэгэн уриан дор нэгдэж, Зөвлөлтийн ард түмэн, Улаан армийн найдвартай ар тал болж байсан талаар түүхийн эх сурвалжуудад тэмдэглэсэн нь бий.

Эх орны дайны үед Монгол Улс Ази тивээс Оросын цорын ганц холбоотон улс нь байв. Оросын түүхч, цэргийн шинжээч Борис Юлин “Монгол Улс ямагт үнэнч түнш байсан” хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Манай улс Гитлерийн эсрэг эвсэл бий болмогц харилцан туслах тухай 1936 оны протоколоор хүлээсэн үүргийнхээ дагуу түүнд нэгджээ.

Монгол Улс 1941 онд ЗХУ-д Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр тус улсыг дэмжиж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа албан ёсоор илэрхийлсэн анхны улсуудын нэг болж байв.

Дайны хүнд цаг үед Монголын төр, засгаас ЗХУ-ын ард түмэнд бүхий л бололцоогоо дайчлан туслах шийдвэр гаргахад манай ард түмэн энэхүү уриаг талархан дэмжиж, “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор найдвартай ар тал болж байсан түүхтэй.

Мөн Халхын голын дайны ялалтаар гагнагдсан Монгол, Оросын ард түмний дайчин нөхөрлөл Аугаа их эх орны дайны хүнд бэрх жилүүдэд болон 1945 оны чөлөөлөх дайны үхэлтэй өрссөн өдрүүдэд улам бэхжин баяжсан билээ.