m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.14 08:18
107
БОГД ХААНЫ ОРДНЫ ЭЗЭМШИЛ ГАЗАРТ АСАР БАРЬЖ БАЙГААГ ЗОГСООХЫГ ШААРДЛАА

Богд хааны ордон музейн эзэмшил талбайд хөл бөмбөгийн асар барих ажил эхэлжээ. Үүнийг эсэргүүцэж өнөөдөр /2018.05.14/ эрдэмтэн мэргэд, иргэд Богд хааны ордон музейн дэргэд мэдээлэл хийлээ.

Тэд “Ирэх жил Богд хаан мэндэлсний 105 жилийн ой тохионо. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Богд хааны ордон музейн газрыг хамгаалалтад авах зарлиг гаргаж өгөхийг хүсэж байна” гэлээ.

МУИС-ийн Түүхийн танхимын эрхлэгч, доктор н.Дэлгэржаргал “Богд хааны музей гэдэг Монгол Улс 20- р зуунд сэргэн мандсаны,  тусгаар тогтнолоо олсны голомт нутаг. Бизнесийн зорилгоор газар луу нь дайрч байгаа Монгол хүнийг ойлгохгүй байна. Мөнгө төгрөг олох гэж байгаа л байх, гэхдээ  тусгаар тогтнол руугаа дайрна гэдэг бол муу муухай зүйл гэдгээс өөр хэлэх үг олдохгүй нь.

Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг Засгийн газраас 7.5 га газраар тогтоосон. Гэтэл Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн шийдвэрийг нийслэл нь гаргаад байдаг. Засгийн газрын тогтоолыг зөрчиж шийдвэр гаргасан хүмүүс нь үүнийгээ цуцал. Түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах тал дээр хайхрамжгүй явж ирсэн нь өнөөдөр ийм байдалд хүргэж байна.

Богд хаан бол Монголын хамгийн сүүлчийн хаан, 1911 оны хувьсгалыг оройлон дэмжиж байсан хүн.  Бид бүгдээрээ хүч нэг байж, түүх соёлоо хамгаална.  Төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Шаардлагад хамгаалалтын бүс нэвтрэн асар барьж эхэлсэн бусармаг үйлдлийг таслан зогсоох. ,

Хамгаалалтын бүсийг 7.5 га газар байхаар тогтоосон хууль ёсны шийдвэрийг хэрэгжүүлэх. Энэ хүрээнд ойр орчимд нь хууль зөрчиж барьсан барилгуудыг чөлөөлүүлэх. Түүх соёлын дурсгалт газруудаас тонон дээрэмдэж байгаа энэ мэт үйлдлийг дахин гаргуулахгүй байх, хуулийг чанд сахиулах гэж заажээ.