m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.21 09:08
116
Эрүүл мэнд, ШУ-ны салбарынхан МАРГААШНААС АЖИЛ ХАЯНА

 

Цалин нэмүүлэхийн төлөөх ажил хаялтын өмнөх суулт долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн улам хүрээгээ тэлж, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар гишүүд дэмжигчдийнхээ хамт суултад нэгдлээ.

Суултад оролцож байгаа үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүдийн байр суурийг хүргэж байна.

АЖИЛЧДЫН ГУРАВНЫ ХОЁРООС ДООШГҮЙ НЬ ЗӨВШӨӨРСӨН ТОХИОЛДОЛД АЖИЛ ХАЯХ  ЭРХ ҮҮСНЭ

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: 

МҮЭ-ийн энэхүү тэмцлийг нэгдүгээрт нэгдсэн тэмцэл гэж ойлгох хэрэгтэй. Энд зөвхөн эмч, сувилагч, багш нар тэмцээгүй. Дөрвөн жилийн өмнө төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлнэ, улмаар хувийн хэвшил болоод бусад салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бололцоог бий болгоно гэх хэлэцээрээр хүлээсэн энэ үүргээ Монгол Улсын Засгийн газар сүүлийн дөрвөн жилд  хэрэгжүүлж чадаагүй.

Тийм учраас МҮЭ-ийн холбоо олон мянган гишүүдийнхээ хамтаар дөрвөн жил хүсэн хүлээж, тэмцсэн үйл ажиллагааажил хаялтын суултаар үргэлжилээд явж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ тал дээр олон нийтийн ойлголт дутуу дуулимаг байна. Нөгөө талаар олон нийтэд  МҮЭ-ийн байгууллага зургаан хоногийн өмнөөс гэнэт сувилагч, эмч, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх гээд талбай дээр суулт хийж байгаа мэтээр ойлгуулж байна.МҮЭ-ийн байгууллага энэ хугацаанд чимээгүй байсангүй. Жилд 4-5 удаа жагсаал цуглаан зохион байгуулж, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгож, төр засгийн зүгээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх байх гэсэн итгэл, хүлээлтийг тээсээр өнөөдөртэй золгож байна.

Хэрэгжихгүй байгаа 2017 оны 10 дугаар сарын 28-ны Улсын гурван талт хэлэлцээрт МҮЭ-ийн зүгээс Засгийн газар 2018 оны хоёрдугаар улиралд багтаан төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг хийнэ гэсэн хатуу заалтыг оруулсан. Хэлэлцээр энэ сарын 1-ний өдөр эхэлж, 15-ны өдөр хоёр дахь удаагийн хэлэлцээр үргэлжилсэн. Харамсалтай нь уг хоёр удаагийн хэлэлцээрээр Засгийн газар цалинг хэзээнээс хэдэн хувиар нэмэх, ийм бололцо улсын төсөвт байгаа эсэх талаар ямар нэгэн хувилбаргүй орж ирсэн учраас МҮЭ-ийн холбоо завсардуулаад ажил хаялтын суултыг хийж байна. Зургаан хоногийн өмнө суулт эхэлж байхад зөвхөн эмч, сувилагч нарын асуудал л яригдаж байгаа шиг ойлгогдож байсан бол шинжлэх ухааны ажилтнууд, багш нар, соёл урлагийнхан, хөдөө аж ахуй, цаг уурынхан гээд манай бүхий л салбарынхан оролцож байна. Өнөөдрийн нэгдсэн суултанд МҮЭ-ийн холбооны 14 салбарын төлөөлөл, тэр дундаа ҮЭ-ийн идэвхтэн сонгуультанууд оролцож байна. Тэгэхээр бид бүгд нэг ёсондоо Засгийн газарт хүлээсэн үүргээ биелүүлээч ээ, хэлэлцээрт үр дүн гаргаач ээ гэсэн итгэл өгөөд өнөөдөх энд сууж байна гэсэн үг.

Өнөөдөр цаг агаар сэрүүхэн байна. Өнгөрсөн долоо хоногт нилээд халуун байсан. Халуун хүйтэн, эрс тэс уур амьсгалтай ийм цаг үед иргэдээ Сүхбаатарын талбайд суулгах шаардлага байхгүй шүү дээ. Эцсийн эцэст төр засгийн үйл ажиллагаа иргэддээ ийм байдлаар л мэдрэгдэж байна. Бид үүнийг харуулж байгаа учраас бодит үйлдэл болж байна гэж бодож байна. 

Засгийн газрын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй тохиолдолд МҮЭ-ийн холбоо маргаашнаас эхлэн Хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэх болно. Энэ талаар бид өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдсэн. Маргаашнаас бэлтгэлээ базаасан эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт руугаа орох байх гэж бодож байна. Боловсролын салбарынхан ажил хаялтыг хийхэд бэлэн гэдгээ удаа дараа мэдэгдсэн учраас энэ хоёр салбар эхний ээлжинд орох байх гэж бодож байна. Бусад салбарууд ч мөн адил аж ахуйн нэгж байгууллага, компани дээрээ ажил хаялтыг хуулийн дагуу зохион байгуулах бэлтгэлээ базааж байгаа учраас  цуврал ажил хаялтууд эхэлнэ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд жишээлбэл нэгдүгээр сургууль байлаа гэхэд тус сургуулийн нийт багш нарын гуравны хоёроос доошгүй нь ажил хаялт зарлаж, эрх ашгаа хамгаалуулья гэж зөвшөөрсөн тохиолдолд ажил хаялтзохион байгуулах эрх үүсч байна гэсэн үг.

Манай иргэдийн зүгээс өнөөдөр шууд ажил хаялаа гэж зарлаад эрх зүйн орчин бүрдэх юм шиг ойлгоод байх шиг байгаа юм. Ажил хаялт бол тоглоом биш, том хариуцлагын асуудал.  Тухайн байгууллага үйл ажиллагаа зогсоолоо гэхэд ажилчдын цалин орлого, байгууллагын ашиг орлогын асуудал яригдана. Тиймээс МҮЭ-ийн холбооноос бүх байгууллагууддаа хуулийн хүрээнд, хариуцлагатай тэмцлийн үйл ажиллагаа зохион байгуулах чиглэл өгсөн. 

"МАРГААШНААС АЖИЛ ХАЯЛТАНДАА ОРНО"

Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан: 

Сүхбаатарын талбайд долоо дахь хоног дээрээ сууж байна. Анхны өдөр нэг цаг суусан. Суултынхаа хугацааг өдөр болгон нэг цагаар нэмж байгаа. Өнөөдөр долоон цаг сууна гэсэн үг.Маргаашнаас ажил хаялтандаа орно. Манай шинжлэх ухааны салбарынханы хувьд бэлтгэлээ базаачихсан.

Энэ тэмцлийг хийсэн эхний өдрүүдэд цаг агаар харьцангуй тогтуун дулаахан байсан байсан бол өнөөдөр гадаа тэг градустай байна. Гадаа хүйтэн байна суултаа болихгүй юм уу гэж зарим хүмүүс асууж байна л даа. Энэ бол цаг агаарын байдалд тааруулах шоу биш тэмцлийн үйл ажиллагаа. 

Бид бүхэн монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх гэсэн  ганцхан зорилготой.Хэрэв уг тэмцэлд ахиц гарч монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдвэл монголчууд гадуур дотуур дүрвэж явахгүйгээр эх орондоо ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ.  Шинжлэх ухааны салбарын түвшинд авч үзэхэд нийт ажилчдын 78 орчим хувь нь ипотекийн, цалингийн, ахуйн хэрэглээний гээд ямар нэгэн зээлтэй. Гартаа 450-500 мянган цалин авч байгаа мөртлөө 50-60 хувийг зээлэндээ өгдөг. Хөдөлмөрийн салбарт аль хэдийнээ хямрал үүсчихээд байна. 

"МОНГОЛЫН ТӨР ДҮЛИЙ, ХАРААГҮЙ БОЛЖЭЭ"

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа: 

Монголын төр дүлий, хараагүй болсон юм байна л гэж бодож сууж байна. Ийм сайхан Монгол оронд гуравхан сая хүний тэр дундаа хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдынхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа Монголын төр засаг ичээсэй билээ. Хэд хоног халуун наранд хүйтэн цементэн дээр сууж байсан бол өнөөдөр цас хаялсан хүйтэн өдөр дээр, доороосоо даараад ингээд л сууж байна. Мэдрэмжгүй төртэй байгаадаа их ичиж байна.

Төр засагт хандаж чихээ онгойлго, нүдээ нээ, тэгээд эдгээр хүмүүсийн асуудлыг хурдан шийдэж өг гэж шаардаж байна. 

"СОЁЛ УРЛАГИЙН  САЛБАРЫН ДУНДАЖ ЦАЛИН 562 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА"

Ажилтан, албан хаагчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга М.Алтанцэцэг: 

Соёл урлагийн ажилтнуудыг өнөөдөр улсын хэмжээнд хамгийн доогуур цалинтай хүмүүс гэж хэлж болно. Энэ салбарт  төрийн үйлчилгээний маш олон бага албан тушаалын ажиллагсад байдаг. Гэтэл тэдний цалин ердөө л 388 мянган төгрөг. Үүнээс орлогын албан татвар, НДШ-ээ төлөөд амьжиргаанд нь хүрэлцдэггүй. Соёл урлагийн  салбарын дундаж цалин 562 мянган төгрөг. Ийм байдалтай байгаа учраас өдрөөс өдөрт ядуучуудын эгнээнд нэгдэж байна. 

Хэдийгээр улсын хэмжээнд цалингийн дундаж сая төгрөг хүрсэн гэж байгаа боловч  төрийн үйлчилгээний ажилчдын цалинүнэхээр доогуур байна.Үйлчилгээний ажилчид дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бий.

"Хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд 240 мянган төгрөгөөр цалинждаг"

Тээвэр, холбоо, газрын тосны салбарын МИАТ-ын үйлдвэрчний хорооны дарга , гавьяат нисгэгч Р.Батнасан:

Асар их баялагтай агуу ийм том ард түмнийг иймэрхүү хэмжээнд хүртэл удирдан жолоодож ажиллуулж байгаа  төр засагтаа гомдож байна. Миний хувьд олон жил төр олон түмнийхээ төлөө зүтгэсэн ч гэсэн гундуухан байгаа ард түмнээ хараад байж сууж чадахгүй энэхүү тэмцэлд нэгдэж,  зохион байгуулалтанд нь оролцоод явж байна. Монголын ард түмэн гэдэг чинь хөрсөн доороо баялагтай, хөрсөн дээрээ мал сүрэгтэй ангаж цангасан ард түмэн юм шүү дээ. Төрийн зохион байгуулалт л муу байна. Нөгөө талаараа сонголтоо буруу хийдэг, хөдөлмөрчин биш жаахан назгайрах талдаа гээд Монголын ард түмэн бидний өөрсдийн буруу ч их байна. Гадна дотнын зальтай мэхтэй улсуудад идүүлж амьдарч байгаа болохоос биш монголын ард түмэн хэзээ ч гундаж гутарахааргүй сайхан хувь заяатай ард түмэн байгаа юм. 

" ЕСДҮГЭЭР САРЫН НЭГЭН ГЭХЭД ХИЧЭЭЛ ЭХЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ АСУУДАЛ Ч ҮҮСЧ МАГАДГҮЙ"

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дараа Ж.Батзориг: 

Үйлдвэрчний эвлэлийн байгууллага тэрэн дундаа манай Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл манай багш нар тэмцлийг тууштай явуулж байсан туршлагатай. Засгийн газар хөдлөхгүй энэ байр сууриндаа байгаад байх юм бол тэмцлийнхээ хурц хэлбэрийг сонгох болно. 

Өнөөдөр багш нарын дийлэнх нь хар өглөөнөөс харанхуй шөнө хүртэл ажиллаж байна.Цэцэрлэгийн багш гэхэд өглөө 07.00 цагт ажилдаа ирж, 08.00 цагт  хүүхдүүдийг хүлээж авна. Уг нь орой 06 цагт  гээд тарах ёстой байтал заримдаа эцэг эхчүүдэдхүүхдээ цагтаа ирж авдаггүй учраас оройны 19.00 цагт тарж байх жишээтэй.

Тэгэхээр үндсэндээ бүхэл бүтэн 12 цаг ажиллаж байна гэсэн үг. Нэг ангид  30 хүүхэд байх ёстой байтал зарим багш нар 60 хүүхэдтэй ажиллаж байна. Тэгсэн хирнээ авч байгаа цалин нь  ар гэрээ аваад явах хэмжээнд хүрдэггүй. Манай салбарт ажиллагсдын дотор өрх толгойлсон эмэгтэйчүүд их байна. Бүгд цалингийн зээлтэй. Цалингаа аваад гэр лүүгээ харихдаа талхны мөнгөгүй шахуу болох ийм л нөхцөл байдал үүсч байна. Дээрээс нь орон сууцны асуудал үнэхээр хүрэлцээгүй байна. Нэг цэцэрлэгт 12 багш байлаа гэхэд 2-3 нь л улсын орон сууцанд, дийлэнх нь гэр хороолол, түрээсийн байранд амьдарч байна. Өнөөдөр бодит байдал ийм л  байгаа учраас цалин хөлсийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. 

Олон улсын түвшинд ярих юм бол дэлхийн дундаж гэхэд боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин 1,500 орчим доллар байхад манайх 200 орчим доллар буюу долоо дахин бага байх жишээний. Бид дөрвөн жил цалин нэмчих болов уу гэж хүлээлээ, харлаа, хүлээцтэй хандлаа. Тийм ч учраас өнөөдөр багш нарын төлөөлөл энэ хүйтэн цементэн дээр сууж тэмцэж байна.  Цаашдаа ч Засгийн газар дорвитой шийдвэр гаргахгүй бол бид тэмцлийн өөр хэлбэрүүдийг сонгоно. Намар есдүгээр сарын нэгэн гэхэд хичээл эхлүүлэхгүй байх асуудал ч үүсч магадгүй.