m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.31 08:19
119
“Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээний үеэр цагдаагийн 700 алба хаагч ажиллана

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд болох “Монгол хүүхдүүд” баярын зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн соёл урлагийн газар (НСУГ)-ын дарга Ж.Дамдинсүрэн "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээ маргааш буюу зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 09.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд албан ёсны нээлт 11.00 цагт болно. 

Баярын хөтөлбөрт хүүхдэд зориулсан урлагийн наадам, хөгжөөнт тоглоом, бичил амьтны хүрээлэн зэрэг багтсан. Ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч С.Болд-Эрдэнэ ажиллаж байна".

Баярын өдрүүдэд цаг агаар хэт халж, хуурайших төлөвтэй тул хүүхдээ наршихаас сэргийлэх, ногоон бүсэд амарч, зугаалж яваа тохиолдолд ил гал гаргахгүй, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй анхааруулаа. 

Түүнчлэн хүүхдүүдэд ил задгай борлуулж буй, наранд хэт халсан бүтээгдэхүүн авч өгөхгүй байх, тоглоом дээр хүүхдээ тоглуулах бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатайг НМХГ-аас сануулсан юм.

Эх үрсийн баярын өдөр автомашин улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

“Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээний үеэр Нийслэлийн Цагдаагийн газрын 700 алба хаагч Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хэв журмыг сахиулах чиглэлээр ажиллана. 

Харин НМХГ-ын 150 албан хаагч Сүхбаатарын талбайд хүнсний аюулгүй байдалд хяналт тавих юм. 

Баярын арга хэмжээний үеэр бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрөх тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Тиймээс Сүхбаатарын талбайд төөрсөн хүүхдийг түр хамгаалах асрыг байрлуулах, хүүхдүүдэд эцэг, эхийн нэр, утасны дугаарыг бичих бугуйвчийг тараахаар төлөвлөжээ.