m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.01 07:38
110
ТӨХК-ийн захирал Б.Цэнгэл: Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил 52 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа.

Монголын төмөр зам ТӨХК-ийн захирал Б.Цэнгэл Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил 52 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэлээ.

УИХ-аас 2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан. Тус баримт бичигт Монгол Улс өөрийн гэсэн төмөр замын бүтэцтэй болох тухай тусгаж, төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр үе шат нь 1100 км орчим зам, хоёрдох үе шат нь 900 км зам барихаар тусгасан. Гурав дахь үе шат нь баруун аймгууд руу чиглэсэн 3600 орчим км төмөр зам барьж байгуулах. Ингэхдээ төмөр зам барих концессын эрхийг “Монголын төмөр зам” компанид олгосон.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2010 оноос эхэлж, 2014 онд бүтээн байгуулалт түр зогссон. Нийт 52 хувийн гүйцэтгэлтэй юм байна. Тус төмөр замыг барьж дуусгах нь компанийн тулгамдсан асуудал болсон тул ойрын хугацаанд хийж дуусгахыг чармайж байгаа аж.

Засгийн газраас Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбарыг УИХ-дах МАН-ын бүлэгт танилцуулсан. Түүнд төслийн 30 хувьд нь IPO гаргаснаар дөрвөн тэрбум ам.доллар босгоно гэж үзсэн байна. Тус хөрөнгийн тодорхой хувийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах хувилбар яригдаж байгаа аж. Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг гүйцээн барихад нийт 600-700 сая ам.доллар шаардлагатай юм байна.