m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.07 04:58
108
Гурвантэс сумын иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч өнөөдрийг хүртэл шүүх хурал 20 гаруй удаа хойшилжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд өнөөдөр дахин хэвлэлийн хурал хийж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдлээ. Тост, Тосон Бумбын нуруу, Хөвд, Хуршуутын голоо аврахын тулд, төрийн өндөрлөгүүд ямар нэгэн арга хэмжээ автал нь тэмцэж, шаардлагатай бол гаалийн тээвэрлэлтийг ч зогсоохоо мэдэгдэв.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ашиглалтын 25, хайгуулын 10 лиценз олгосон байдаг байна. Үүнээс 10 гаруй компани уурхайн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус суманд Говь нутагтаа алдартай хоёр баянбүрд байдаг ч уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрөлд багтсанд иргэд маш ихээр бухимдаж байна. Ингэснээр тус сумын 10 гаруй мянган иргэд ундны усгүй, мал нь бэлчээргүй, газар тариалангийн ч бүсгүй болох аюулд орсноо ярьсан юм. 

Засгийн газар өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-нд Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох шийдвэр гаргасан. Гэвч УИХ-аар баталсан, Тост, Тосон Бумбын нурууны хилийн нөөцийг 896,527.44 га талбайг тусгай хамгаалалтанд авахуулах хуульд өөрчлөлт оруулж, 743,000 га болгожээ. Өмнөх хилийн заагаас хасагдсан 153,000 га талбай нь УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коал транс” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газар бөгөөд үүнд дээр дурдсан хоёр баянбүрд болон Хуршуут гол багтсаныг иргэд ярилаа. 

Энэ асуудлаар Гурвантэс сумын иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч өнөөдрийг хүртэл шүүх хурал 20 гаруй удаа хойшилжээ.

Харин “Сауд гоби коал транс” үйл ажиллагаагаа явуулсаар л байгаа аж. Энэ хугацаанд иргэд нутаг орныхоо бодит нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, УИХ, Уул уурхайн яам гээд холбогдох төрийн байгууллагуудад хандаж, баримт бүхий мэдээлэл хангалттай өгсөн боловч анхааралдаа авч, ямар нэгэн шийдвэр гаргаж, газар нутгийг нь хамгаалах алхам хийхгүй байгаа тул нутгийн олон цаашид хурцаар тэмцэж, шаардлагатай бүх алхмыг хийхээ хэлээд бусад иргэд, төрийн бус байгууллагуудыг ч нэгдэхийг уриаллаа.