m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.07 06:07
163
Шүүх эмнэлгийн эмч нар буруу дүгнэлт гаргаж байна

Шүүх эмнэлгийн есөн эмчийн дүгнэлт буруу гарсан талаар нотлох баримт дэлгэж иргэн Ц.Наранцэцэг, А.Эрдэнэбилэг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хуульч А.Эрдэнэбилэг "2018 оны тавдугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мөнхтуяа гэдэг шүүгч авто ослын жижиг хэрэг хийсэн хүнийг нэг жил 3 сараар хорих шийдвэр гаргасан. Энэ талаар би өнөөдөр ярина.

2017 оны аравдугаар сарын 19-нд жижиг авто осол гарч, хоёр хүн гэмтсэн. Тэр хоёр хүн нь Гэмтлийн эмнэлэгт 6 хоног эмчлүүлж эрүүл болоод гарсан байдаг. 

Энэ хугацаанд шинжээч эмч Ундармаа гэх хүн очиж үзлэг хийсэн байна. Энэ үед осол хийсэн хүний ээж нь яг дэргэд нь байсан. Гэтэл Ундармаа гэдэг хүн очиж үзлэг хийхдээ "Томилогдсон шинжээч эмч нь өөр ажилтай завгүй байгаа учраас хийж байна" гээд хөл гарыг нь ч үзэлгүй гуравхан минутад үзлэг хийгээд явсан байна. 

Шүүх эмнэлгийн дүгнэлт гарах үед "Өвчний түүхээс" гэж байгаад маш урт бичиг гаргасан байсан. Тэрийг нь унштал тархины дунд зэргийн няцралт, нүүрний ясны хүнд гэмтэлтэй гэсэн хоёр төрлийн маш ноцтой дүгнэлт гаргасан байдаг. Энэ шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан. Ингээд Ундармаа эмчийн дараа дахин гурван шинжээч эмч үзлэг хийж, түүний дүгнэлтийг хуулийн хүрээнд зөв хийсэн гэж тайлбарласан. 

Үүн дээр ч мөн гомдол гаргасан. Ингээд дахин таван эмч оролцож дүгнэлт гаргаж, нийтдээ есөн шинжээч эмч оролцсон.

Ундармаа гэдэг хүн өвчний түүхэнд огт байхгүй гэмтлүүдийг санаанаасаа зохиогоод, хэн нэгний даалгавраар, мөнгө авч худлаа дүгнэлт гаргасан. Үүнийг би баримтаар нотолсон. Түүний дараа дүгнэлт гаргасан таван эмч нь "материал дээр үндэслэн шинжилгээ хийлээ" гэсэн байдаг нь их сонин.

Би Ундармаагийн дүгнэлтийн дараа Шүүх эмнэлгийн дарга, эмч нартай уулзсан. Ингэхэд тухайн жижиг осол дээр хоёр шинжээч эмч томилогдсон байсан. Үнэн хэрэгтээ, нэг осолд 20 хүн гэмтсэн байсан ч нэг л шинжээч томилогддог талаар Шүүх эмнэлгийнхэн хэлж байсан. Харин шинжээч эмч нар осол гарах үед "Энэ миний найз. Тэр миний хамаатан" гэх зэргээр өөрсдийгөө томилоод явдаг гэнэ. 

Өөрөөр хэлбэл, өнөөдөр аль нэг таньдаг шинжээч эмчдээ мөнгө өгөөд худлаа дүгнэлт гаргуулаад хүнийг гэмт хэрэгтэн болгодог ийм тогтолцоо Монголд нүүрлэчихсэн байна. Захиалгаар худлаа дүгнэлт гаргадаг эмч нар өнөөдөр Шүүх эмнэлгээр дүүрчхэж. 

Нийтдээ 30 шинжээч эмч байдаг гэнэ. Энэ 30 эмч нарын ес нь худлаа дүгнэлт гаргачхаад байна. Би эдгээр эмч нарыг энэ долоо хоногт багтаан Цагдаад мэдээлнэ. Энэ асуудлыг би хэзээ ч орхихгүй, тууштай тэмцэнэ" гэлээ.