m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.11 05:09
58
ЭНЭ ЖИЛ ЦАХИМ СИСТЕМИЙГ ОРОН ДАЯАР БҮРЭН НЭВТРҮҮЛНЭ

Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийнхэн энэ амралтын өдрүүдэд Дархан-Уул болон Орхон аймагт ажиллаа. Ажлын хэсэгт Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Батбилэг, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг нар ажиллав.

Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн "Эрүүл мэндийн даатгалын цахим систем"-ийг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын байгууллага бие дааснаар эхний ээлжинд даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн тус салбарын ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх зорилготой юм.

Энэхүү ажлын дараагийн алхам нь хувийн эмнэлгийг хоёрдугаар улиралд, улсын эмнэлгийг гуравдугаар улиралд, рашаан сувиллыг дөрөвдүгээр улиралд цахим системд холбохоор ажиллаж байна. Ийнхүү энэ ондоо багтаан цахим системийг орон даяар бүрэн нэвтрүүлэхийг зорьж буй юм. Ажлын хэсгийнхний эхний "зогсоол" Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт саатаж, кабенитуудын үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус газрын үйл хэргээс онцлоход, энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийн төв байгуулан Япон улсын туршлагаас "нутагшуулан" ажиллаж эхэлсэн байна. Учир нь дэлхийн улс орнуудаас тус улс нь хүн амын дундаж наслалтаараа тэргүүлдэг. Үүний гол нууц нь эрүүл зан үйлийг сонговол таны өвчний түүх өөрчлөгдөнө гэсэн зарчимтай. Тиймээс энэхүү арга барилыг тус газрынхан нутаг орондоо хэрэгжүүлэн ажиллаж буй нь энэ аж. Түүнчлэн манай улсын хувьд, сүүлийн 20-н жилд хүн амын өвчлөлийн 72 хувь нь урьдчилан сэргийлж болох халдварт бус өвчнөөр өвчилсөн байдаг. Тиймээс иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах нь олон төрлийн ашиг тустай учир энэхүү төвийг нээн ажиллуулж байгааг төвийн удирдлагууд хэлж байлаа.

Ийнхүү ажлын хэсгийнхэн тус аймгийн хэмжээнд ажилладаг нийт таван Өрхийн эрүүл мэндийн төв болон гурван эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.Тус аймгийн хувьд, эрүүл мэндийн цахим системийн хэрэгжилт хэвийн үргэлжилж байна.