m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.12 04:26
270
"БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО"-ООС УИХ-ЫН ГИШҮҮДЭД ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо /ББДХ/-ноос “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум”-ыг өнгөрөгч долоо хоногт буюу 2018 оны зургадугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан. “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санаа бодлыг сонсох, хууль тогтоогчдод хүргэх зорилгоор форум амжилттай болж өндөрлөсөн. 

Энэхүү форумд УИХ-ын гишүүн, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлагч Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн  шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-н гишүүн, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, инженер Д.Жаргалсайхан,  УИХ-н даргын эдийн засгийн зөвлөх Ц.Мөнхбаяр, МУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, ХХАХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, ХХААХҮЯ-ны ЖДҮХС-ийн удирдлага, Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Эдийн засагч, хөтлөгч, Д.Жаргалсайхан нар оролцсон юм.

"Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум"-д нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 300 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллүүд оролцож, санал бодлоо солилцсон бөгөөд нэн тэргүүнд авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүдийн талаар  зөвлөмж  гаргасан юм. Уг форумаас гарсан зөвлөмжийг УИХ-ын 76 гишүүнд хүргүүллээ. 

Хавсралт №1

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН ФОРУМ-2018-ААС ГАРСАН  ЗӨВЛӨМЖ

 

2018 оны 06 сарын 08 өдөр                                                                     Улаанбаатар хот

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ нь 2015 онд нийгмийн шаардлага, баялаг бүтээгчдийн хүсэлтээр байгуулагдаж, Монгол улсын бүх аймаг, сум, нийслэлийн дүүргүүдэд салбар хороодтой бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж, 100.000 гаруй гишүүд дэмжигчидтэй болоод байна.

Өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд бүх салбар чиглэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, малчид, тариаланчид, үйлчилгээний болон оюуны баялаг бүтээгчид, үндэсний томоохон компаниуд, гишүүн байгууллагууд байдаг нь манай  холбооны үйл ажиллагааны хүртээмж, цар хүрээг илэрхийлдэг юм.

Тус холбоо нь “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан төрийн бодлого, дэмжлэгийн хамрах хүрээ, хэлбэр, удирдлага, зохион байгуулалт, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор “ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН ФОРУМ-2018”-ыг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

ФОРУМЫН ҮР ДҮН

Энэхүү форумд УИХ-ын гишүүн, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлагч Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн  шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-н гишүүн, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, инженер Д.Жаргалсайхан,  УИХ-н даргын эдийн засгийн зөвлөх Ц.Мөнхбаяр, МУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, ХХАХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, ХХААХҮЯ-ны ЖДҮХС-ийн удирдлага, Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Эдийн засагч, нийтлэлч, телевизийн хөтлөгч Д.Жаргалсайхан болон 9 дүүрэг, 21 аймгийн нийт 300 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллүүд оролцож,санал бодлоо солилцсон бөгөөд нэн тэргүүнд авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүдийн талаар доорх  зөвлөмжийг  гаргалаа.

Нэг. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ангиллын талаар:

1.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг гурав ангилж байгаа боловч жилийн борлуулалтын орлого / 6-н тэрбум ₮ хүртэл /-ыг эрс нэмэгдүүлж, одоо УИХ-д өргөн баригдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулах  шаардлагатай байна.

1.2.Үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас том болж, ангилал дээшлэх, өсөн дэвших боломж хуулийн төсөлд сайтар тусгагдаагүй байна.

1.3..Даяаршиж буй өнөөгийн нийгэмд инноваци, шинэ технологи, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник тоног төхөөрөмж зохиогдон, үйлдвэрлэлд нэвтэрч байгаа үед  ажилтны тоог ангилалд хамааруулах голлох үзүүлэлт болгосон нь тохиромжгүй байна.

1.4.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байвал хуулинд заасан ангиллыг нэг шатаар дээшлүүлэх,

Хоёр. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар:

2.1.“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 11 дүгээр зүйлд, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл шалгаруулах хороо, дэд хорооны бүрэлдэхүүн / 9 хүртэл гишүүнтэй /-ийг Удирдах зөвлөлтэй байхаар нарийвчлан зааж, удирдах зөвлөлийн  бүрэлдэхүүний 60 хувийг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцуулахыг заавал тусгаж өгөх, / ХХААХҮСайдын 2017 оны 06 сарын 14-ны өдрийн А-76 тоот тушаалаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “ Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд салбарын төрийн бус байгууллагын нэг төлөөллийг оролцуулна”гэж заасан байдаг боловч төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод бус,тодорхойгүй байдаг./

2.2. “Жижиг, дунд  үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас олгогдож буй хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй байлгах үүднээс уг шинэчилсэн найруулгын төслийн 11 дүгээр зүйлд “тухайн жилд олгох зээлийн 30 хувийг бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, 30 хувийг жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, 40 хувийг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид” гэж нэмж оруулах.

2.3. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөлөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, санхүүжилт, төсөл сонгон шалгаруулалт зэрэг үйл ажиллагаанд жилд 1-ээс доошгүй удаа хяналт шалгалтыг хийж,шалгалтын дүнг нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар мэдээлж, ил тод байлгах,

2.4.Банкны зээлийн хүү хэт өндөр байгаагаас шалтгаалан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хүсэж байгаа зээлийн эрэлт хэрэгцээ их байна. Үүнийг 2018 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн 1031 төсөлд шаардлагатай 812 тэрбум төгрөгийн санхүүжилтээс харахад тодорхой байна. Үүнийг  харгалзан  ойрын 3-5 жилд улсын төсвөөс олгож байгаа хөрөнгө оруулалтыг .“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 11 дугаар зүйлийн 8.1.2.г-д зааснаар зээлийн хүүгийн зөрүүнд олговол жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд очих зээлийн хүртээмж эрс сайжирна.

Гурав. Жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын талаар:

3.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг  Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулах, / Сүүлийн 10-н жилийн хугацаанд ЖДҮХСан яамдуудын хооронд 5-н удаа шилжилт хөдөлгөөн хийгдэж байсан нь төрийн бодлого алдагдсаныг харуулж байгаа бөгөөд жижиг, дунд үйлдвэрийн асуудалд Засгийн газар онцгой анхаарах цаг болсныг  илтгэж байна../

3.2. Өсөж дэвших боломжийг эрэлхийлж, жил бүр ахиц дэвшил гаргасан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг шалгаруулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах,

Дөрөв. Засгийн газрын бүрэн эрхийн талаар:

4.1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамддаг нэг асуудал бол мэргэжилтэй, ур чадвартай ажилчид байдаггүй. Иймд  Их,дээд сургуулийн тоог эрс багасгаж, уг шинэчилсэн найруулгын төслийн 15 дугаар зүйлд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний мэргэжилтэй ажилчид бэлтгэх МСҮТ-ийн санхүүжилтийн тодорхой хувийг төрөөс гаргах, МСҮТ-ийн суралцагчдад сургалтын тэтгэмжийг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулж олгох ” гэж нэмж тусгах,

4.2. Үндэсний үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчдийг импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ экспортонд гаргахад чиглүүлэх  урт хугацааны бодлоготой болгох талаар уг шинэчилсэн найруулгын төслийн 15 дугаар зүйлд нарийвчлан зааж өгөх.

4.3. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластерийн системээр хөгжүүлэхэд үндэсний томоохон аж ахуйн нэгжийн үүрэг роль чухал бөгөөд тэдгээрийг бодлогоор дэмжих,

4.4. Монгол улсын Ерөнхий сайдын дэргэд Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөл / зөвлөлийн бүрэлдэхүүний 60-аас доошгүй хувийг  төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах /-ийг байгуулж, төсвөөс олгож буй хөрөнгө оруулалт, ЖДҮХС-гийн зээлийн олголт, зарцуулалтанд хяналт тавих,

Тав. Бусад асуудлаар:

5.1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний арван хувийг  төр худалдан авч, дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд “Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын 10 хувийг Жижиг, дундүйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс худалдан авах”гэсэн  заалтыг заавал оруулж, энэ заалтыг зөрчсөн тендерийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцож, огцруулах талаар тусгаж  өгөх.

5.2. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 13 дугаар зүйлийн  13.1.4-д .жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн төсөлд санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрхэд зааж өгсөн бөгөөд хяналт тавих журмыг Засгийн газар батлах,

5.3. 2018 онд Засгийн газраас  гурван тулгуурт хөгжлийн бодлого, Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр баталсан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн  үүрэг роль чухал юм. Мөн Эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэхэд жижиг дунд үйлдвэрийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах,

5.4. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих УИХ-н гишүүдийн “Лобби” бүлэг байгуулах.

5.5. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 16 дугаар зүйлийн 16.2-д “ ...төрийн зарим чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн төрийн бус байгууллагад шилжүүлж болно” гэж тусгасан боловч төрийн бус байгууллага, . мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагаар хийлгэх ажлын чиглэлийг тогтоох, санхүүжилтийг шийдвэрлэх,

5.6. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд татварын тааламжтай, уян хатан бодлогыг тодорхойлох,

5.7. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа болон үндэсний бараа бүтээгдэхүүнийг сурталчилдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрөөс дэмжих, татвар , НӨАТ хөнгөлөлт үзүүлэх.

       Эдгээр асуудлыг УИХ-аар хэлэлцэн, хуулинд тусгаснаар жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бааз суурь өсч, монголын эдийн засагт хувь нэмрээ оруулж, өрсөлдөх чадвартай болно.

Монгол улс “Жижиг, дунд үйлдвэрлэл”-ийг дэмжснээр ажилгүйдэл, ядуурал багасгах, нийгмийн чинээлэг дундаж давхаргыг өсгөх, мөн Монгол улсын эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлөх сайн талтай. Энэ салбарт нийт 800.000 мянга гаруй хүн ажиллаж байгаа тул дээрх заалтуудыг хуулинд тусгаж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.

 

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН

ФОРУМ-2018”-Д ОРОЛЦОГСОД.

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО ТББ.