m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.13 03:56
261
Ахмадууд хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломжтой

Ахмадууд амралт, сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Энэ жил ахмад настанд хэдэн газар хөнгөлөлттэй үйлчлэх, амрахдаа ямар материал бүрдүүлэх талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ахмад настны нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрдалайгаас тодрууллаа. Гэрээний дагуу тухайн амралтын газар нь хоногийн 30 мянган төгрөгөөр ахмад настанд үйлчилдэг бөгөөд үүний 20 мянган төгрөгийг нь Нийгмийн халамжийн сангаас олгодог юм байна.

- Энэ жил ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх амралт, сувиллын хэдэн газар байна вэ?

-УИХ-ын тогтоолоор 2017 оноос эхлэн ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгохоор хуульчилсан байдаг. Энэ онд улсын хэмжээнд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэхээр 106 амралт, сувиллын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

-Дээрх газрыг ямар шалгуураар шалгаруулсан бэ?

-Хуулийн дагуу ахмад настанд зориулсан амралт, сувиллын газрыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахаар журамласан байдаг. Журамд заасны дагуу ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зохион байгуулж, шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.

-Хөнгөлөлттэй үйлчлүүлэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?

-Ахмад настны тухай хуулийн 3.1-т зааснаар гэрээ байгуулсан амралт, сувилалд 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй эрхийн бичгийн дагуу амарч сувилуулсан тохиолдолд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах эрхтэй. Амрахдаа дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл, ахмад настан амралт, сувиллын газрын эрхийн бичгийн үнийн өөрийн хариуцах хэсгийг бэлэн мөнгөөр төлөх, эсхүл тухайн байгууллагын дансанд шилжүүлсэн баримт, хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах эрхийн бичиг.

-Хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?

-Засгийн газрын тогтоолын дагуу ахмад настан нь тухайн газар 10 хүртэлх хоног амарч сувилуулах эрхтэй. Ингэхдээ нийгмийн халамжийн сангаас нэг хоногийн 20 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Түүнчлэн ахмад настныг ая тухтай амарч сувилуулах боломжийг бүрдүүлэх, үйлчилгээний чанар стандартыг хангах зорилгоор амралт, сувиллын байгууллагуудтай байгуулсан гэрээнд ахмад настанд нэг хоногийн 30 мянган төгрөгөөр үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулдаг. Ингэхээр ахмад настан нь зөрүү 10 мянган төгрөгийг өөрөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, ахмад настнууд гэрээ байгуулсан амралт, сувиллын газарт 10 хоног амарч сувилуулахад 300 мянган төлөх ёстой ч 100 мянган төгрөгийг өөрөө хариуцаж, нийгмийн халамжийн сангаас 200 мянган төгрөгийн хөнгөлөлтийг тухайн үйлчилгээ үзүүлсэн амралт, сувиллын байгууллагад олгодог юм.

-Өнгөрсөн жил хэдэн ахмад настан сувиллаар хөнгөлөлттэй үйлчлүүлсэн бэ. Мөн энэ жил хэдэн хүн хамруулах вэ?

 -Өнгөрсөн онд улсын хэмжээнд 50 орчим мянган ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлж нийгмийн халамжийн сангаас Засгийн газрын тогтоолын дагуу хөнгөлөлтийн хэмжээгээр санхүүжилт олгосон. Энэ жилийн хувьд өмнөх онд  амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдсан ахмад настны тооноос буурах байх.