m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.14 04:37
235
2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг анх удаа зохион байгуулжээ

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулжээ. Өнөөдөр тус судалгааны тайланг танилцуулав. Энэхүү судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлал, арга зүй болон ДЭМБ-аас боловсруулсан асуулгын 12 дахь хувилбарыг ашиглажээ.

Жендерт суурилсан хүчирхийлэл Монгол Улсад хэр хэмжээнд байгааг судалж, хүчирхийллийн нүцгэн үнэн тайланг нийт 7000 гаруй өрхийн эмэгтэйчүүдээс судалгаа авч гаргасан байна. Энэхүү судалгааны тайланд “Монгол эмэгтэйчүүдийн 31% нь бие махбод, бэлгийн хүчирхийлэлд өртдөг ч 10% нь л үүнийгээ мэдээлдэг талаар дурджээ.

Судалгаанд хамрагдсан өмнө нь хамтрагчтай байсан болон одоо хамтрагчтай байгаа гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна. Хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодын болон эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн таван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийллийн улмаас бэртэл гэмтэл авчээ.

Хамтрагчийн статусаар харахад гэрлэж байгаад салсан, тусгаарласан таван эмэгтэй тутмын гурав нь амьдралдаа хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэй тутмын нэг нь хамтрагчаас бусад хүний (эцэг, эх, ах, эгч дүү хадмууд, хамт ажиллагчид, танихгүй хүн зэрэг) зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртжээ.НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэлэхдээ “Монгол дахь хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчил бол охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл байна” гэжээ.