m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.14 05:05
86
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР БАЙГУУЛНА

Урин цагтай зэрэгцэн Сүхбаатарын талбай “эзэн”-тэй болж, жагсагчид цугладаг уламжлалтай болоод удаж буй. Энэ жил ч мөн эмч, багш нар цалингаа нэмүүлэх суулт зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт ч шилжсэн. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон төр хоорондын гурван талт хэлэлцээр ч өрнөсөн. Талууд хэлэлцээрийн ширээнд сууснаар 2019, 2020 онд цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрснээр жагсаал, тэмцэл өндөрлөсөн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулах тухай тогтоолын төслийг өргөн барьжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, төрийн бусад үйлчилгээнд хамрагдахад нь туслахад чиглэсэн үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрыг байгуулах УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар дэмжсэн байна.

Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар 103,630 буюу нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу байхад хөгжлийн бэрхшээлтэй гишүүнгүй өрхийн 18 хувь нь ядуу байна. Түүнчлэн, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвхөн 28 хувь хөдөлмөр эрхэлдэг байхад хөгжлийн аливаа бэрхшээлгүй иргэдийн 69 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Түүнчлэн 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй байхад хөгжлийн бэрхшээлгүй иргэдийн зөвхөн дөрвөн хувь нь бичиг үсгийн мэдлэггүй байна. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болгохоор болжээ.

“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон.  Энэ мөнгийг тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хүүхдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, албан хаагчдын өнгөрсөн онд хуримтлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, төвийн барилгын дээврийг засахад зарцуулах юм.

“Өнөр бүл хүүхдийн төв”-д 0-2 насны нэг, 2-6 насны 41, 7-18 насны 139, 18-аас дээш насны дөрвөн хүүхэд, нийт 185 хүүхэд өсч хүмүүжиж байна. Хүүхдүүдийн 105 нь хагас өнчин, 41 нь бүтэн өнчин, 39 нь эцэг, эхтэй, 39 нь хөгжлийн бэрхшээлтэй бол 12 нь байнгын тусгай асаргаанд байдаг юм. Тус төвд 103 хүн ажилладаг. “Өнөр бүл хүүхдийн төв” 800 гаруй хүүхдийг өсгөж хүмүүжүүлснээс гадна эцэг, эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ. Мөн энэ үеэр “Эрдэм төв”-ийн барилгыг тус төвд олгоно.

Тархины саажилттай 10-р цэцэрлэгийн барилга шаардлага хангахгүй, орчин үеийн барилга барихын тулд 5,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Тус хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах шийдвэрүүдийг гаргажээ.