m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.14 08:26
213
ХҮЙ ДОЛООН ХУДАГТ МОРИН ТОЙРУУЛГА БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон “Монголын морин спорт уяачдын холбоо” хамтран ажиллахаар боллоо.Монгол наадам цогцолборын хувьд Хүй долоон худаг орчмын газрыг хариуцан ажилладаг. Гэхдээ 2015 онд Засгийн газрын тогтоолоор энэ газрын 12,500 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байсан ч хоёр жилийн хугацаанд буцаан авч Хүй долоон худаг наадамчид, уяачдын, Монголын ард түмний өмч болон үлджээ.

Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан:

 "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад Монголын морин спорт уяачдын холбооноос энэ жил төлөөлөл байхгүй. Уяачдын эрх ашгийг хамгаалах, уяачид наадамд оролцохдоо тав тухтай байх зэргийг хангах тал дээр анхаарч ажиллана.Уяачиддаа хандаад хурдан морьдыг уралдуулахад Монголын морин спорт уяачдын холбооны VI их хурлаас тодорхойлсны дагуу сэрвээний өндөр, үүлдрийн байдлыг харна. Мөн унаач хүүхэдтэй холбоотой гарч ирдэг асуудлуудад анхаарал хандуулна, стандарт хувцас өмсгөлийг өмсгөх тал дээр уяачдад хяналт тавина" гэлээ.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл:

 "Бидэнд тулгардаг нэг асуудал нь морины уралдааны үеэр машин явахад их тоос босдог. Энэ асуудлыг харгалзан үзээд уралдааны замын хажуугаар засмал зам барих үүнийг цаашид өөр олон тэмцээн, уралдаан, холын зайн гүйлт зэрэгт ашиглаж болохоор хийх ажлыг төлөвлөж байна.Хүй долоон худгийг жилийн дөрвөн улирлын ажиллагаатай болгох, аялал жуулчлалын чиглэлд ашиглах зэргээр үйл ажиллагааг нь тэлэх тал дээр ажиллана".

Санамж бичгийн гол зорилго нь Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын үйл ажиллагааг явуулахад хамтран ажиллах, Үндэсний баяр наадам, олон нийтийг хамарсан баярын үеэр байгалийн гамшиг болоход нийтийн аюулгүй байдлыг хангах, уяачдын гэрийн буйр, хурдан морьны бэлчээрийг хамгаалах, наадамчин олон болон хурдан моридыг ундны усаар хангах, наадмын үеэр морьтой үзэгчдийн наадам үзэх бололцоог бий болгох, МНЦ-оос хийж хэрэгжүүлж буй олон нийтийг хамарсан баяр наадам болон бусад үйл ажиллагааг уяачдад сурталчлан таниулах, мэдээллийг түгээх, оролцоогоор хангах юм байна.