m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.18 01:46
403
“Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн-2018” зохион байгуулагдаж байна

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар “Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн-2018”-ийг  зургадугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус зөвлөгөөн олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болж буй бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын 600 гаруй хүүхэд болон үүрэг хүлээгч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.

Энэхүү зөвлөгөөн нь Хүүхдийн эрхийн конвенцын үндсэн зарчмуудад тулгуурлан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө хэрхэн яаж оролцох, хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлаар бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог хангах зураглал боловсруулах зорилготой аж.

Түүнчлэн зөвлөгөөнд оролцогчид бидний манлайлал, бидний байгаль дэлхий, бидний эрүүл мэнд, бидний харилцаа, бидний сүлжээ, бидний эдийн засаг, бидний аюулгүй байдал-сэргийлэгч хүү, зөвлөгч охин, бидний сайн үйлс, бидний соёл, өв уламжлал, бидний хөгжих орчин гэсэн чиглэлээр сайн туршлага, санал санаачлагыг хуваалцах юм. Мөн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэн санал зөвлөмж гаргах ажээ.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга Тунгалагтамир, НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарын тэргүүтэй хүмүүс оролцож мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: -Хүүхдүүд та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Хоёр жил завсарласны дараа “Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн”-ийг хийх боломж олдсонд Засгийн газар болон олон улсын байгууллагуудад та бүхний өмнөөс баярласнаа илэрхийлж байна.

ХНХЯ-наас хүүхдүүдийн ирж амрах дуртай Найрамдал зуслангийн ая тухтай байдлыг хангах үүднээс холбогдох олон талын арга хэмжээ авч ажиллаж байна. Манай улсад 0-18 хүртэлх насны нэг сая 50 мянган хүүхэд байдаг. Нийт хүн амын 36 хувийг хүүхэд залуучууд эзэлдэг. Иймд хүүхдүүдийн нийгмийн хамгаалал, хөгжлийг сайжруулахын төлөө олон ажил хийж хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

Олон хүүхэд гэр бүлийн болон гэмт хэргийн хүчирхийллийн золиос болсоор байгаа билээ. Хүүхдийн эрхийг хангах тухай асуудал нь салбар бүрийн оролцоотой холбоотой. Энэ утгаараа салбар бүрийн уялдааг зохицуулах зорилгоор улсын хэмжээний зөвөлгөөн зохион байгуулж байгаад оршино.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан хүүхдийн үндэсний зөвлөл ажилладаг. Хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргийн золиос хохирогч болохгүй байх асуудлууд хөндөгдөж байна. Унаач хүүхдүүдийн асуудал нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөртэй холбоотой асуудал юм. Үндэсний уламжлал зан заншлынхаа дагуу хүүхдийг хурдан морь унуулдаг гэж нэг хэсэг нь хэлдэг. Нөгөө талаар бизнес болж, хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх хэлбэр лүү орчхоод байна. Иймд ялангуяа өвөл хаврын уралдааныг бага насны хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж үзсэн.

Засгийн газраас шийдвэр гаргаж 12-оос дээш насны хүүхдийг хавар өвлийн уралдааны морь унахыг шийдвэр гаргасан. Энэ шийдвэр оновчгүй гэж үзсэний үндсэн дээр өвөл, хаврын уралдааныг зохион байгуулахыг хориглосон.

Үндэсний баяр наадмын тухай хуулиар долоогоос дээш насны хүүхдийг хурдан морь унуулдаг хууль үйлчилж байна. Цаашдаа бага насны хүүхдийг хурдан морь унуулах асуудлыг эргэж харах шаардлагатай. Долоон нас гэдэг морь унахад дэндүү балчир нас юм. Тийм учраас үндэсний баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулах замаар 12-оос дээш насны хүүхдийг хурдан морь унуулдаг байх шийдвэрийг гаргах асуудлыг судалж Засгийн газраар оруулна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх: -2016 онд Женев хотод НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцийн тавдугаар тайлан илтгэлийг Монгол Улс хамгаалсан. Энэ үеэр хамгийн их анхаарал татсан асуудал бол шийдвэр гаргах процесст хүүхдийн оролцооны асуудлыг анхаарсан. Түүнчлэн хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудалд ач холбогдол өгч шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл 2015 оноос хойш Монгол Улс хүүхдийн оролцооны байгууллагад цуглаж уулзаагүй байдаг юм. Энэ удаа үндэсний хэмжээний зөвөлгөөн болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой.

Хүүхдийг шийдвэр гаргах процесст оролцуулах, хүүхдийн тухай шийдвэр гаргахдаа хүхдийн дуу хоолойг заавал сонсох тогтолцоог орон нутагт бий болгох зорилгоор энэ зөвөлгөөнийг хийж байна. Ирэх есдүгээр сараас аймаг бүрт энэ зөвөлгөөн мөн хэрэгжиж эхэлнэ. Энэ жилээс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг зогсоох чиглэлээр томоохон судалгаанууд хийгдэж байна. Тэвчишгүй хөдөлмөрийн зургаан жагсаалт бий.

Судалгаа хийгдсэний дараа аль чиглэл рүү түлхүү анхаарах вэ гэдэг асуудал яригдана. Хүүхдийн хөдөлмөртэй холбоотой олон маргаантай асуудал байна. Хүүхэд хөдөлмөрлөснийхөө хүчинд тодорхой орлого олоод, түүгээрээ гэр бүлээ тэжээж байгаа харилцаа Монголд их байна. Гэтэл хүүхдийг хөдөлмөрлүүлэхгүй байлгаснаар хүүхдийн амьдрал сайжрах уу гэдэг асуудал хүнд байна. Ялангуяа хүүхдийн орлогоор амьдарч байгаа гэр бүл олон байна. Гэр бүлийн амьжиргааг дэмжих замаар хүүхдийг хөдөлмөрөөс татгалзуулж гаргах зам руу явах ёстой.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: -Монгол орныхоо өнцөг булан бүрээс бусдыгаа манлайлан ирсэн хүүхдүүд та бүхний сэтгэгдэл өндөр байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол орон бол хүүхдүүдийн орон. Монгол Улс 3,2 сая хүн амтайгаас 1,2 сая нь хүүхдүүд байна. Тус зөвөлгөөнд оролцсоноороо хүүхдүүд та бүхэн цаашид яамаар байгаагаа, өөрсдийнхөө оролцоог яаж нэмэгдүүлэхээ ярилцах өдөр юм. Оролцооны байгууллага гэдэг нь сайн суралцаж, эрдэм номдоо шамдахаас гадна бие хүн болж төлөвшхөд чухал үүрэгтэй. Бусдыг хайрлах бусаддаа туслах, нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйд хэн болох вэ гэдгээ олж авахад оролцооны байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох явдал чухал юм.

“Найрамдал” цогцолборт цугласан 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын 600 гаруй хүүхдийн төлөөллийн дуу хоолойг сонслоо.

Дархан-Уул аймгийн сурагч О.Ундаръяа: -Ямар ч мэргэжилтэй болохоос үл хамаараад оролцох чадвар нь амжилтад хүрэх нэг түлхүүр юм. Тийм учраас аймаг сум, дүүрэг гэлтгүй сард нэг удаа хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсож байх хэрэгтэй. Хүүхдүүд бидэнд юу тохиолддог, юу хамгийх их бэрхшээлтэй байдаг талаар томчууд сайн мэдэхгүй шүү дээ. Мөн эцэг эхчүүд ч гэсэн хүүхэд биднийг анхаараасай гэж хүсч байна.

Манай аймагт 2016 онд хүүхэд хөгжлийн ордон байгуулагдсан. Энэ ордонд олон төрлийн дугуйлан ажилладаг. Мөн орон нутгуудад байдаггүй өсвөрийн “Сэтгүүлч” клуб ажилладаг. Миний хувьд өглөө болгон сайн байна уу хүүхдүүдээ гээд мэндэлдэг хүүхдийн телевизтэй болоосой гэж хүсдэг юм. Мөн сэтгүүлч ах, эгч нар та бүхнийг хүүхдийн хүчирхийллийн мэдээллүүдийг битгий их цацаач ээ гэж хүсмээр байна. Бидний сайн сайхан зүйлүүдийг олон түмэнд түгээгээчээ гэж хэлмээр байна.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын сурагч Д.Алтаншагай хэлэхдээ “Дуу хоолойгоо илэрхийлж, бусдад өөрийгөө ойлгуулж чаддаг хүүхдүүд болж төлөвшиж байна. Манай аймаг 3200 гаруй хүүхэдтэй. Одоогоор хүүхдүүд өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо хүргэж чаддаг. Мөн оролцооны байгууллагууддаа хамрагдаж чаддаг. Сургалт зөвөлгөөнүүд ч их явагддаг.

Миний үеийнхний дунд нэгнээ дээрэлхэх, хэл амаар доромжлох, ялгаварлан гадуурхах асуудал их байдаг. Түүнээсээ болж маргалдах, зарим нь гутарч амиа хорлох зэрэг асуудлууд ч гарч болзошгүй байдалтай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс СӨҮЗ болон сургуулийн нийгмийн ажилтан сайн ажилладаг гэж боддог. Түүнчлэн манай суманд РС тоглоом байдаггүй. хүүхдүүд РС тоглоомонд үрдэг мөнгөө зааланд тоглох цаганд зарцуулдаг. Үүний үр дүнд улсын болон аймгийн аваргын тэмцээнд амжилт гаргасан” гэлээ.