m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.18 05:38
283
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНООС ЭРХ БАРИГЧДЫГ ҮЙЛДВЭРЛЭГЧ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙНХЭЭ ТАЛД АЖИЛЛАХЫГ ШААРДЛАА

Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо /ББДХ/-ноос “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум”-ыг өнгөрөгч долоо хоногт буюу 2018 оны зургадугаар сарын 4-ний өдөр зохион байгуулж форумаас гарсан зөвлөмжийг УИХ-ын 76 гишүүдэд хүргүүлсэн.  

Өнгөрөгч пүрэв гаригт хуралдсан УИХ-ын ээлжит хуралдаанд Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцсэн боловч УИХ-ын олонх гишүүд бизнес эрхлэгчдэд хүлээлт үүсгээд байсан тус хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн буцаах шийдвэр гаргасныг татварын шинэчлэлийн эсрэг, шинэчлэлийн ач холбогдлыг үгүй хийсэн алхам боллоо гэж бизнес эрхлэгчид болоод тэдгээрийн төлөөллүүд үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Дээрх асуудалтай холбоотойгоор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж үйлдвэрлэл, үйлчилгээ  эрхэлж баялаг бүтээж буй иргэдийнхээ  эрх ашгийг хамгаалж, олон мянган баялаг бүтээгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа татварын  тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эргэн харж,  ирэх 21,22нд хэлэлцэгдэх ЖДҮ-ийн тухай хуулийн төслүүдэд ч өндөр ач холбогдол өгч хариуцлагатай хандахыг  эрх баригч, хууль санаачлан, батлагч эрхэм гишүүдээс шаардлаа.

Мөн энэ үеэр улсын төсвөөс гаргаж байгаа 70.0 тэрбум төгрөгийн зарцуулалт ил, тод бус байгааг онцолж төрийн байгууллагууд мэдээллийн ил тод байдал, мэдээллийн эрхийн тухай хуулийг зөрчиж байгааг дурдсан юм.  ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийн зарцуулалт, зээлийн ил тод байдлыг хангахгүй байгаа нь иргэдэд хардлага төрүүлж байгааг ч  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүд онцолж байлаа. Тиймээс Баялаг бүтээгчийг дэмжих холбооноос энэ жил 134 ААН-д олгосон зээл болоод эдгээр байгууллагуудыг ямар шалгуураар сонгон шалгаруулсан талаар шалгуулахаар АТГ-т  хүсэлт гаргасан гэдгээ мэдэгдлээ.