m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.18 07:26
95
Монголын худалдаа эрхлэгчдийн 80-90 хувь нь өдрийн зээлтэй

Гурван зуу мянга гаруй худалдаа эрхлэгчийн 70 хувь нь өрийн дарамтад, 80 хувь нь төрийн дарамтад буюу татварын дарамтад байна. Үүний 70-80 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Өөр бусад ямар асуудал тэдэнд тулгарч байгаа талаар Монголын худалдаа эрхлэгчдийн холбоо болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбооныхон хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр Монголын худалдаа эрхлэгчдийн 80-90 хувь нь өдрийн зээлтэй байна гэсэн албан бус тоог Монголын худалдаачдын холбооноос гаргасан талаар мэдээлэв.

Худалдаа эрхлэгчдийн өдрийн зээлийг авч буй шалтгаан нь банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн тогтолцоо амьдралд нийцэхгүй байгаатай холбоотой аж. Учир нь нэг банкны зээлийг төлж чадахгүй удвал хар жагсаалтад ордог. Ингэснээр дахин зээл авах эрхгүй болж улмаар өдрийн зээл авдаг байна.

Монголын худалдаа эрхлэгчдийн холбоо болон  ТҮЦ -ээр амь зуугчдын холбооны төлөөлөл өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “ Өдрийн зээл гурван сая төгрөг зээллээ гэж бодоход гурван сая 300 мянган төгрөг болгож өгөх ёстой. Хэрвээ өгөхгүй бол цагаар алданги тооцдог. Цагийн 7000 төгрөгөөр тооцдог. Өнгөрсөн жил би ТҮЦ ажиллуулж байхдаа бараа авах гэж өдрийн зээл авч байсан. Гэвч миний ТҮЦ-ийг ачиж, би орлогогүй болж, маш их өрөнд унасан. Нэг өглөө сэрэхдээ 80 сая төгрөгийн өртэй болсон байсан” гэв.