m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.18 08:39
124
Ослын 76 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ

 

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аян зарлах болсон байна. Аяны талаар Замын цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид өнөөдөр /2018.06.18/ мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэл “Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээллээр зуны саруудад зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд Замын цагдаагийн албанаас ослыг бууруулах зорилгоор хоёр дах жилдээ энэхүү аяныг зохион байгуулахаар болсон. 2018 он гарсаар улсын хэмжээнд 163 хүний амь нас хохирсон байна. Ослын 76 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн. Орон нутгийн замд гарч буй осол нь дийлэнхдээ жолооч аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гардаг. Иймээс Монгол Улсын гэмт хэргээс зохицуулах зөвлөл, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, цагдаагийн байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтарч энэхүү аяныг зохион байгуулж байна. Тус аян нь зургадугаар сарын 20-ноос эхэлж, ирэх аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм” гэлээ.

Сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн ослын 5300 гаруй хэрэг бүртгэгджээ. Үүнээс нас барсан, гэмтсэн хүмүүсийн 70 гаруй хувь нь орон нутгийн замд осолджээ. Иймд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл  2018” аяныг эхлүүлэх гэж байна. Орон нутагт гарч буй зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх зорилгоор тус  аяныг хэрэгжүүлж байгаа гэлээ.

Өнгөрсөн оны тоо баримтаас дурдахад, зам тээврийн ослоос 17600 хүн гэмтэж, 540 хүн нас барсан. Дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осолд өртсөн байдаг. Жишээ дурдахад, 2017 онд 26 настай залуу согтуурсан үедээ эхнэрээ ардаа суулган мотоциклтой давхиж яваад, онхолдон нас барсан. Ард нь таван нялх хүүхэд өнчирсөн байна.