m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.18 09:22
192
Б.Лхагважав: Татварын систем нь лоббиноос ангид явагдах ёстой

Өнөөдөр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, МҮХАҮТ-ын Тэргүүлэгч Д.Бямбасайхан нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэд УИХ-ын зургадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, буцаах шийдвэрийг гаргасаныг буруушааж буй юм. Өөрөөр хэлбэл, МҮХАҮТ-ын удирдах зөвлөл болон тэргүүлэгчид татварын шинэчлэлийн ач холбогдлыг үгүй хийсэн алхам болсон гэж үзэж байна.

Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэхдээ “ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд ААН, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын ААН-д татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөлөөлөх эерэг заалт оруулсан. Түүнээс гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх олон таатай боломжууд бүрдэх заалтууд туссан байсан. УИХ-ын гишүүд тус хуулийн төслийг дэмжээгүй үйл явцыг харахад, татварын системийг баялаг бүтээгч нарт, ААН-д хэрэгтэй систем гэдгийг олж харахгүйгээр зөвхөн улс төрийн өс хонзон авах үйл явц явагдсан. Шууд хэлэхэд, огцорсон Засгийн газар энэ хуулийг унагаахын төлөө ажиллалаа.

Сүүлийн 27 жилд татвар төлж байгаагүй эсвэл нийтийн татварын мөнгөнөөс тендер авдаг цаашлаад улс төрийн зорилгоор хувь хүртдэг, хар зах зээлийг хумих хүсэлгүй хүмүүс татварын шинэчлэлийн системийг нэвтрүүлэхийн эсрэг байгаа гэж харагдаж байна. Тухайлбал, НӨАТ-ыг нэвтрүүлэх үед  тухайн үеийн сөрөг хүчин маш балмад үйл ажиллагаануудыг явуулж ирсэн. Гэтэл өнөөдөр жимсийг нь хурааж байгаа. Үүний үр дүнд татварын бүх орлого биелсэн. Тодорхой хэмжээгээр тайлангаа гаргаж өгөөд татвар авахад ямар ч асуудал байхгүй. Өнөөдрийн нийгмийн бүх ядуурал татварын зөв систем байгаагүйтэй холбоотой. Чуулганы үеэр хуулийг хэлэлцэхдээ тодорхой нэг ААН-ийн нэр, эсвэл аль нэг салбарыг хэт дөвийлгөх үйл явц илүүтэй харагдсан. Татварын систем нь лоббиноос ангид явагдах ёстой. Лоббид оруулахгүйн тулд өнгөрсөн хугацаанд танхим болон Сангийн яамны зүгээс зарчмаа баримталж ирсэн. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар дахин оруулж, татварын шинэчилсэн найруулгын багц гурван хуулийг хэлэлцэж өгөхийг гэж хүсэж байна.

Мөн “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, “Татварын шинэчилсэн хуулийн төсөл нь ААН цаашлаад хувь хүмүүст маш хэрэгтэй хууль байсан юм. Татварын хуулиар дамжиж улс орон болоод тухайн ААН хөгжиж дээшлэх орчин нь болдог. Ялангуяа шинэчилсэн хуулийн төсөлд тусгагдсан ААНОАТ-ын тухай хуулийн төсөл нь дөнгөж бизнес эрхэлж байгаа, гарааны бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид маш таатай хууль болох байлаа. Ингэснээр жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэх, ажлын байр олноор бий болгох зэрэг улс орон болоод бизнес эрхлэгчдэд таатай боломжууд бүрдэх байсан. Ийм чухал хуулийг УИХ-ын гишүүд унагаасанд харамсаж байна" гэлээ.