m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.08.02 07:07
423
Б.Эрдэнэзул: Монгол улсын хууль битгий ингэж булшлагдаасай

Ю.Цэдэнбал агсны хөшөөний урд хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцэж, золгүй байдлаар амь насаа алдсан бяцхан үрсийн  хойноос 49 хоног тасралтгүй зул өргөх зорилго өмнө тавьсан иргэн Б.Эрдэнэзултай ярилцлаа. 

-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу?

Намайг Б.Эрдэнэзул гэдэг. Би улстөр судлаач, эрхзүйч мэргэжилтэй. Одоогоор судалгааны ажлаа бичиж байна. Би нэг хөөрхөн охинтой. Тэр минь өнгөрсөн жил золгүй байдлаар амь насаа алдсан 13 настай охинтой ойролцоо насных.  

-Зул өргөх шалтгаан нь юу байв? Энэхүү зулаа хэд хоногийн хугацаатай өргөх вэ? 

Монгол улсад цочирдмоор хэргүүд ихээр  гарч байна. Тэдгээр  хэргүүдийн дийлэнхэд нь насанд хүрээгүй хүүхдүүд өртөсөөр байгаа. Төр нь хяналтаа тавьж чадахгүй байгаа болохоор аймшигтай хэргүүд ар араасаа дарааллаад гарч байна. Үүнээс гадна тодорхой хэргүүдэд хууль хүчний байгууллагууд буруу шийдвэр гаргаж, иргэдийн эсрэг  яллаж, зүйлчилж байна.  Би ч бас ээж хүн, эмэгтэй хүн. Тиймээс иймэрхүү зүйлүүдийг тэвчиж чадахгүй байгаа болохоор энд өнөөдөр зул өргөөд сууж байна. Энэхүү зулаа золгүй байдлаар  болон бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан хүүхдүүдийн төлөө өргөж байна. Өнөөдөр миний зул тасралтгүй 24 цагаар өргөж буй 11 дэх өдөр. Энэхүү зулаа би өдөр шөнө, цас бороо алинтайд ч таслалгүй 49 хоног өргөнө.  

 

-Таныг Ю.Цэдэнбал агсны хөшөөний урд ингээд зул өргөөд сууж байхад хүмүүс хэрхэн хандаж байна? Мөн зориод ирсэн хүмүүс байна уу? Ер нь яагаад заавал энэ талбайд сууж зул өргөж байгаа вэ? 

Өнгөрсөн жил бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан 13 настай охины ар гэрийнхэн миний энэ зул өргөх үйл ажиллагаанд оролцож байгаа. Харин зөрж өнгөрсөн хүмүүс намайг наймаачин гэж ойлгоод хоол, тамхи сураглаад явцгаадаг. Би 7 сарын 23-с зулаа тасралтгүй өргөж байгаа. Уг нь анх хэлмэгсдийн хөшөөний урд өргөж байсан боловч, ЧД-ийн ЗДТГ хууль бус үйл ажиллагаа явуулсан гээд  зөвшөөрөл олгоогүйн улмаас би хөөгдөж энд ирсэн юм. Ю.Цэдэнбал агсны хөшөөний өмнө бас зөвшөөрөл албан ёсоор гараагүй байгаа. Олны анхаарлыг татсан үйлдэл хийсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар торгуулах учир хэлэх гэсэн үг, өдөр бүр барих 108 зулаа өргөх нөхцөл хараахан бүрдээгүй л  байна. 

-Өдөрт хэдэн зул өргөж байна вэ? 

Монгол ёс заншилаар  бурхан болсон хүний хойноос 49 хоног тасралтгүй зул өргөдөг. Би ч бас үүний адил 49 хоног тасралтгүй өргөхөөр өнөөдөр ингээд 11 дэх хоног дээрээ явж байна. Өдөрт 108 зул өргөх юм бол  11 л тос орно, харин өнөөдрийн нөхцөл байдлаар 2-3 л тосоор зул өргөж байна. Хэрвээ надад энд зул өргөх зөвшөөрөл олгох юм бол асар барьж байгаад 108 зулаа өргөнө.  

 

-Өнөөдөр гэлтгүй хэд хоног бороо ихээр орж байна? Бороотойд бас зулаа хэрхэн манаж байна вэ? 

Миний хувьд зутрах бол асуудал биш байна. Яагаад гэвэл надаас илүү том асуудал нь бяцхан үрсийн амь нас, индэгдэл болоод байна. Хэд хоног бороо орсоор л би энд зулаа манасаар л байгаа. Аль болох салхи, уснаас хамгаалаад шүхэр, цаасан хайрцаг хэрэглэж байна даа.  

 

-Ярилцлага өгсөн таньд баярлалаа

Баярлалаа