m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.08.09 04:43
745
Б.БАХЫТГҮЛ: Д.МУРАТ БОЛ МОНГОЛЫН ТӨРД СУУСАН ГУТАМШИГ...

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болж шүүхээс Д.Мурат болон түүний жолооч М.Елузаг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Энэ талаар иргэн Б.Бахытгүл болон түүний өмгөөлөгч Я.Съезд нараас авсан тодруулгыг та бүхэнд хүргэе. 

-Шүүхээс УИХ-ын гишүүн Д.Муратыг цагаатгалаа. Шүүх хурлын шийдвэртэй хэр санал нийлж байна вэ?

Б.Бахытгүлийн өмгөөлөгч Я.Съезд:

Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдах болон дээд шүүх залруулдаг тал бий...

Анхан шатны шүүх илт нөгөө талын эрх ашгийг баримталж хэрэгт суулгасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй шууд цагаатгах шийдвэр гаргалаа. Гэхдээ энэ шийдвэрт бид хүндэтгэлтэй хандаж байгаа. Бид нийслэлийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хуульд заасан хугацаанд давж заалдах болно. Харин дараа нь улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар ороод гурван шатны шүүхээр гарсны дараа энэ асуудал нэг мөр шийдэгдэнэ гэж бодож байна. Шүүх хэрэгт суурилсан нотлох баримтыг авч хэлэлцэлгүй цагаатгах шийдвэр гаргасанд гомдолтой байгаа. Анхан шатнаас ийм шийдвэр гаргаад давж заалдах эсвэл дээд шүүх энэ алдааг залруулдаг тал бий. Анхан шатны шүүх хурал хаалттай болсон. Хаалттай болсон шүүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Ёс бус үйлдэл гаргаж, садар самуун зураг илгээсэн хэрэгт УИХ-ын гишүүн Д.Муратад ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

Иргэн Б.Бахытгүл:

БИ МӨНГӨӨР Д.МУРАТТАЙ ЯМАР НЭГ ТОХИРОО ХИЙХГҮЙ...

Энэ асуудалд ямар нэг арга хэмжээ авагдаагүй. Зөрчлийн хуулиар ч арга хэмжээ авагдаагүй явж байгаа. Ёс зүйн хороонд анх өргөдөл гаргахад шүүхээр шийдэгдээгүй гэдэг үндэслэлээр авч хэлэлцээгүй. Цахим сүлжээгээр бүтэн жил ёс бус зураг нь цацагдсан байдаг. Үүнийг санамсаргүй байдлаар олж аваад олон нийтэд хүргэсэн сэтгүүлчийн талаар бид зургадугаар сард олж мэдсэн. Ингээд зургадугаар сарын 7-нд Д.Мурат нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр надад ял оногдуулах гомдол гаргасан байдаг. Төрийн өндөрлөгт сууж байгаа хүмүүс ийм ёс зүйгүй байж болохгүй. Д.Муратын хувьд улс төрийн оролцоотой гүтгэлэг, хэлмэгдэл гэж удаа дараа мэдээлэл хийж байсан. Намайг "гомдлоо татаж авсан, Казакстан руу зугатсан, их хэмжээний мөнгө авсан" гэх асуудлууд яригдсаар л байна. Энэ бол худлаа. Надад удаа дараа мөнгө өгөх санал ирж байсан. Тодорхой хэмжээний мөнгөний асуудал ч яригдсан байдаг. Гэхдээ бид мөнгөөр ямар нэг тохироо хийхгүй. Эмэгтэй хүний хувьд хүний эрхийн дагуу гомдолоо гаргаад эцсээ хүртэл шалгуулахаар явж байгаа. Прокурор, мөрдөн байцаах шатанд ч гэсэн надаас шалтгаалах бүх бичиг баримтуудыг гаргаж өгч байсан. Цаашид бидэнд давж заалдах юмуу дээд шүүхэд нэмж өгөх материал байгаа. Тэрийг одоогоор гаргаагүй. Удахгүй бүгдийг гаргана. Өчигдрийн /2018.08.08/ анхан шатны шүүхийн шийдвэрийг би эрс нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

-Шүүхийн шийдвэрийг та юу гэж харж байна вэ?

Над шиг олон эмэгтэй хохирч байгаа. Би мөнгөтэй биш, би эрх мэдэлтэй биш, би улс төрч биш, би насаараа боловсролын салбарт ажилласан жирийн багш мэргэжилтэй төрийн албан хаагч. Тэгэхээр монголын ард түмэн энэ хэргийг үнэн бодитоор шийдэхийг хүсч байгаа. Дуу хоолойгоо хүргэж чадахгүй хохирч үлдсэн олон мянган охид эмэгтэйчүүд миний ард байгаа. Өнөөдөр яахаараа монголын нийгэмд 13 настай охид хүчирхийлүүлж, амь насаа алдсаар байгаа юм. Энэ бүхэн Д.Мурат шиг л хүмүүсээс болж байгаа. Анхан шатны шүүх нь хэргийг ингэж шийдэж байхад давж заалдах гомдлоо гаргана. Дараа дараагийн шатны холбогдох байгууллагуудад хандана. Олон улсын эмэгтэйчүүдийн холбоонд ч хандана гэж бодож байгаа. Гэхдээ би монголын шүүх хууль засаглалыг хүндэлж эцсээ хүртэл гаргасан шийдвэрийг хүлээх болно. Би Д.Муратаас хэдэн халтар цаас авах гэж ингэж яваагүй. Надад өнгөрсөн хугацаанд Д.Мурат болон түүний хүүхэд, намынх нь хүмүүс холбогдож тодорхой хэмжээний мөнгө өгье, эвлэрэлийн гэрээ хийе гэж байсан. Нотлох баримтууд ч надад хангалттай байгаа.

Шүүх засаглал ийм шударга бус Монголын төр ийм эмгэнэлтэй. Энэ бол гутамшиг. Д.Мурат бол Монголын төрд суусан гутамшиг...

Жирийн нэг эмэгтэйг ингэтэл нь доромжилчхоод өөрийгөө цагаатгасан тогтоол авж чадсан ч Д.Муратыг өнөөдөр монголын ард түмэн хүлээж авахгүй. Өнөөдөр тэр хүн хууль батална гэж монголын төрд гараа биз дээ. Тэр хүнийг 20 мянган хүн сонгож гаргасан ш дээ. Д.Мурат бол Монголын төрийн гутамшиг...

Д.Муратын талаар яриад байвал олон муухай зүйл байгаа. Шаардлагатай үед бол би ярина. Шалгуулах бол шалгуулна.

-Ярилцсан танд баярлалаа