НИТХ-ын 18 төлөөлөгч Бразилд зохион байгуулагдаж буй Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр албан томилолт өвөртлөөд байгаа талаар яригдсан. Тэгвэл эл асуудалтай холбогдуулж УИХ-ын дарга З.Энхболд “Дарханы ИТХ Дубай руу зугаалсаныг аудит шалгаад өөрсдөөр нь төлүүлэхээр болсон. Бразил явсан Нийслэлийн ИТХ төлөөлөгчид ялгаагүй хувиасаа төлнө” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Харин олны хэл, ам дургүйцлээс жийрхсэн зарим төлөөлөгчид Бразил явахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Оросоо, Л.Нарантуяа нар Бразил явахгүй гэдгээ хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан албан ёсоор хэлсэн бол НИТХ-ын тэргүүлэгч Д.Авирмэд “Бразил явна, гэхдээ хөлбөмбөгийн тэмцээн үзэхгүй” хэмээсэн юм. Тэгвэл өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга “18 төлөөлөгч явахаас есөн төлөөлөгч Бразил улс руу явсан байгаа. Тодорхой тайлбар ярих ч юм уу шалтаг тоочих зүйл байхгүй. Энэ бол шууд миний алдаа. Харин алдаагаа яаж засах талаар анхаарч ажиллана. Явсан төлөөлөгч нараас зардлыг төлүүлэх арга хэмжээ авна. Энэ нь НИТХ томоохон сургамж боллоо. Аудитын газарт бид нар тодорхой алдаа гаргасан тул акт тавихаа түр азнах талаар хүсэлт гаргасан. Иргэдийн төлөөлөгчид хүрч ирэхээр тэдэнд акт өгнө” хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.