m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.24 22:41
69
Колумб хэсгээ тэргүүлж, Грек анх удаа плей-оффт шалгарлаа

Тоглолт №39. ЯПОН – КОЛУМБ 1:4

Гоол: Оказаки 45+1 - Куадрадо 17 пен, Мартинес 55, 82, Родригес 89

Япон: Кавашима, Үчида, Конно, Ёшида, Нагатомо, Окүбо, Хасебе, Аояма (Ямагүчи 62), Хонда, Кагава (Кийотаке 85), Оказаки (Какитани 69)

Колумб: Оспина (Мондрагон 85), Ариас, Вальдес, Баланта, Армеро, Куадрадо (Родригес 46), Гуарин, Мехия, Рамос, Кинтеро (Карбонеро 46), Мартинес

Шар хуудас: Конно 16, Гуарин 63

Шүүгч: Педру Проэнса (Португал)

VI.24. Куяба "Арена Пантанал"

 

Тоглолт №40. ГРЕК – КОТ ДВУАР 2:1

Гоол: Самарас 42, 90+3 пен - Бони 74

Грек: Карнезис (Гликос 24), Торосидис, Папастатопулос, Манолас, Холевас, Коне (Самарис 12), Маниатис, Карагунис (Гекас 78), Христодулопулос, Самарас, Салпигидис

Кот-д`Ивуар: Барри, Орье, Туре, Бамба, Бока, Калу, Дье, Тиоте (Бони 61), Туре, Жервинью (Сьо 83), Дрогба (Дьоманде 78)

Шар хуудас: Дрогба 37, Калу 62, Дье 70

Шүүгч: Вера Родригес (Эквадор)

VI.24. Форталеза "Кастелау"

Хэдий хоёр дараалж хожсон ч гэсэн Колумбын шигшээ "С" хэсгээс нэгээр гарах болзлоо шууд биелүүлээгүй байлаа. Ийм эгзэгтэй үед дасгалжуулагч Хосе Пекерман үндсэн бүрэлдэхүүний найман тоглогчоо амрааж, Японы эсрэг хоёрдугаар багаа илгээснээс үзвэл хожно гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан бололтой. Италийн "Фиорентина"-д данстай, өдгөө олон багийн арааны шүлсийг асгаруулж буй Хуан Куадрадогийн пенальтийн ачаар өмнөд америкчууд тэргүүлж эхэлсэн ч нэгдүгээр үе дуусахын алдад шаламгай япончууд тоог тэнцүүлсэн. Гэвч колумбчууд биеийн хүчээр ааглан хоёрдугаар үед дараалан бөмбөг хийснээр дараалан гурав ялж, хэсгээ тэргүүллээ. Супер довтлогч Радамель Фалькаогоо гэмтэл бэртэлд алдсан тэд плей-оффын эхний даваанд хуучин танил Уругвайтай тулах нь.

Хэсгийн хоёрдугаар байраар Дрогба, Яя Туре, Жервиньо, Калу, Тиоте зэрэг оддоос бүрдсэн Зааны ясан эргийн хөлбөмбөгчдийг шалгарна гэдэгт олонх итгэлтэй байлаа. Заануудад ердөө тэнцээний ганц оноо хангалттай байсан төдийгүй сэлгээний багаараа тоглосон Колумб Японд ялагдсан тохиолдолд элладчуудыг хожоод группээ тэргүүлэх ч боломж байв. Харин грекчүүдэд зөвхөн хожил хэрэгтэй байсан тул уламжлалт хамгаалах арга барилаасаа өөрийн эрхгүй татгалзаж, эхний минутаас л санаачлагыг аван африкчуудыг бөмбөгдөж эхлэв. Тэд хоёр жилийн өмнө "Евро 2012"-т яг иймэрхүү нөхцөл байдалд сүүлчийн тоглолтдоо ОХУ-ыг хожин хасагдах шатанд шалгарч байсан удаатай.

Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлөөр хамгаалагчдын алдааг ашиглан Самарас эхний бөмбөгийг оруулсан бол хоёрдугаар хагасын дунд хэрд "Заанууд" тэнцүүлсэн. Гэвч цаг дуусч байх мөчид буюу 90+3 дахь минутад Фернанду Сантушийн шавь нар 11 метрийн цохилт гүйцэтгэх эрх олж авсан. Пенальтийг Самарас оновчтой гүйцэтгэснээр Грекийн шигшээ түүхэндээ анх удаа ДАШТ-ий хасагдах шатанд өрсөлдөхөөр болж байна. Тэдний плей-оффын учраа бол "Үхлийн хэсэг"-т дуулиан тарьсан Коста Рикагийн шигшээ билээ.       

Багууд                      Тт       Хо       Тэ       ХД       Б/Х     Оноо 

1.Колумб                   3          3          0          0          9-2      9

2.Грек                        3          1          1          1          2-4      4

3.Кот д'Ивуар           3          1          0          2          4-5      3

4.Япон                       3          0          1          2          6-4      1