m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.25 02:47
76
Монголчууд Бразил улсад визгүй зорчих боломж удахгүй нээгдэнэ

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бразил улсад айлчилж, тус улсын Конгресс дахь Бразил, Монголын бүлгийн удирдлага, гишүүдтэй уулзаад ирсэн. Энэ  айчлалын талаар дэд сайд Д.Ганхуягтай ярилцсан юм. 

-Та саяхан Бразил, Колумб, Болив улсад айлчлаад ирлээ. Эдгээр айлчлалын зорилго юу байв?

-Боливийн Санта Круз хотноо энэ сарын 14-15-нд НҮБ-ын Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг байгуулагдсаны түүхэн 50 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт болсон.  Эдийн засгийн хамтын сонирхлоо харилцан дэмжиж, НҮБ-ын системийн хүрээнд болж байгаа олон улсын эдийн засгийн гол асуудлаар хэлэлцүүлэгт нэгдмэл байр сууринаас хандан, Өмнөд-Өмнөдийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий  хөгжиж буй 77орон 1964 онд Женев хотноо хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж 77-гийн бүлэг (G77)-ийг байгуулсан. Одоогоор НҮБ-ын 133 гишүүн орныг нэгтгэсэн эл бүлэг нь НҮБ дахь хамгийн том бүлэг бөгөөд энэ жил бүлгийг Болив улс даргалж буй учир дээд хэмжээний уулзалт тус улсад болсон юм.

Эл уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг хүргэх, нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлуудад Монгол Улсын байр суурийг илэрхийлэх, улмаар ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн санхүүжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг багтаасан эцсийн баримт бичигт манай саналуудыг тусгахаар ажиллах үүргийг Гадаад харилцааны сайдаас өгсөн. Үүний дагуу дээрх хуралд оролцов. Манай улс тус бүлгийг үүсгэн байгуулагч орнуудын нэг гэдэг утгаараа ч тэгш ойн дээд хэмжээний уулзалтад нь оролцох учиртай юм.

Уулзалтад олон орны төлөөлөгч нэг дор цугласан боломжийг ашиглан Чили, Аргентин, Перу, Тайланд зэрэг 20 гаруй орны төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Олон улсын байгууллагын хүрээнд ч харилцан дэмжиж ажиллах, НҮБ-ын зарим сонгуульд Монгол Улсыг дэмжүүлэх асуудлаар уулзаж ярилцав. Тухайлбал, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчны Ассемблейн даргад Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нэр дэвшсэн асуудлаар “77+ХЯТАД” бүлгийн орнуудын төлөөгчидтэй уулзан дэмжлэг хүссэн нь үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.

Боливд хуралд оролцохоор тус бүс нутагт нэгэнтээ очсоноо ашиглан Бразил улсад айлчлан ГХЯ-д хоорондын дөрөв дэх зөвлөлдөх уулзалт, Колумби улсад ГХЯ-д хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг хийгээд ирлээ. Эдгээр нь ГХЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эртнээс тусгагдсан арга хэмжээнүүд юм. Колумбийн Гадаад хэргийн дэд сайд 2012 онд, Бразилийн Гадаад харилцааны дэд сайд 2013 онд манайд айлчилсны хариу айлчлал ч гэж хэлж болно.

-Айлчлалуудын үр дүн ямар байв?

-Бразил улсад хийсэн айлчлал, ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт нь манай улс ЭСЯ-аа тус улсад нээхтэй цаг хугацааны хувьд давхцан, зохион байгуулагдсанаараа онцлог болов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг авч хэлэлцэж, цаашид урагшлуулах арга замыг тодорхойлсон нь ач холбогдолтой болов.

Талууд хоёр орны Засгийн газар хооронд байгуулахаар тохирсон спорт, боловсролын салбарт тус тус хамтран ажиллах тухай, хоёр орны бүх төрлийн паспорт эзэмшигчид тодорхой хугацаанд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрүүдийн ач холбогдлыг онцлон ярилцаад ойрын хугацаанд байгуулах чиглэлээр ажиллахаар тохирлоо. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдээ гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар онцгой анхаарах заалтууд бий. Удахгүй монгол иргэд Бразилд визгүй зорчих, Бразилийн их, дээд сургуульд суралцах, тамирчид хамтарсан бэлтгэл хийх, тодорхой хөнгөлөлт, дэмжлэг авах бүрэн боломж нээгдэнэ. 

Мөн уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэх үүднээс холбогдох яамд хоорондын хэлхээ холбоог дэмжих, харилцан айлчлал хэрэгжүүлэн туршлага солилцохоор тохиров.

Айлчлалын үеэр Бразилийн Конгресс дахь Бразил, Монголын бүлгийн даргатай уулзаж, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар мөн санал солилцлоо.

Колумб Улсад манай талаас өндөр түвшинд хийсэн айлчлалын тухайд эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж, бүс нутагтаа жин, нөлөө нь эрс нэмэгдэж буй Колумб Улстай улс төрийн яриа хэлцээний давтамжийг бий болгох, цаашид хадгалах, хөрөнгө оруулалт, чөлөөт худалдааны хэлэлцээр, уул уурхайн салбарт хуримтлуулсан тэдний туршлагаас суралцах боломжийг нээж өгснөөр чухал ач холбогдолтой болов.

Колумбийн Гадаад хэргийн дэд сайд Патти Л.Харамилиогийн 2012 онд Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш хоёр орны харилцаа идэвхжиж, уул уурхайн яамд хооронд нэлээд ажил хэрэгч харилцаа холбоо тогтсон бөгөөд хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт ч хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр талууд ярьж тохирлоо.

Түүнчлэн хоёр тал НҮБ, Зүүн Ази, Латин Америкийн орнуудын форум (ФЕАЛАК) зэрэг олон улсын байгууллагын хүрээнд харилцан дэмжихээ тохиролцсон нь үр дүнтэй алхам болов.

Колумбийн ГХЯ ФЕАЛАК-ын шугамаар хэрэгжүүлдэг испани хэлний сургалтанд Монголоос эхний ээлжинд аяллын хөтөч, сэтгүүлчдийг хамруулахаар тохирлоо.

-Монгол Улс Бразилд Элчин сайдын яам нээх тухайд Бразилийн тал ямар байр суурьтай байна. ЭСЯ нээх ажил ямар шатандаа явж байна вэ?

-Монгол Улс Бразилиа хотод ЭСЯ-аа нээх болсныг тус улс талархан хүлээн авч буйгаа дахин дахин мэдэгдэж, энэ нь Монголын тал хоёр талын харилцаанд чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл бөгөөд тодорхой салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал үр дүнтэй гэдгийг цохон тэмдэглэж байсан. Манай ЭСЯ-ыг нээхэд зохих дэмжлэг үзүүлнэ гэдгээ Гадаад хэргийн сайд нь мэдэгдсэн. Аливаа улс Бразилиад ЭСЯ-аа нээх нь харилцан адил байх зарчмын дагуу Бразилийн тал өөрсдийн ДТГ-аа тухайн улсад нээх үндэслэл болдог гэдгийг ч айлын тал онцолж байсан.

Шинэ ЭСЯ-нд ажиллахаар томилогдсон нэг дипломат ажилтан Бразилийн ГХЯ-наас холбогдох зөвшөөрлөө аваад Бразилиад ЭСЯ-ны байр судлах, олох, гэрээ хийхээр ажиллаж байгаа. Сая айлчлалын үеэр бид нэлээд хэдэн байраар орж судалгаа хийн, байраа сонгоод ирлээ. Удахгүй Элчин сайд нь зохих журмын дагуу Итгэмжлэх жуух бичгээ барьснаас ЭСЯ үйл ажиллагаагаа эхэлнэ.