Баянгол дүүрэгт сул газар гэж бараг үгүй. Төвлөрсөн хороолол ихтэйн дээр, зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй олон гарааш байдаг. Тэдгээр гараашийг буулгаж, нийслэлийн өнгө үзэмж, зай талбайг хэмнэсэн гарааш барихаар шийдвэрлэсэн аж. Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос тодрууллаа.
-Баянгол дүүрэгт газраар тарсан олон гарааш байдаг. Эдгээр гараашууд зөвшөөрөлтэй юм уу?
-Ихэнх нь зөвшөөрөлгүй байдаг.
-Энэ зун өнгө үзэмж сайтай давхар, далд гараашууд хийх гэж байгаа гэсэн үү?
-Дүүргийнхээ иргэдийн нийгмийн асуудлыг нь шийдэх үүднээс 12,19 дүгээр хороонд байсан дан гараашийн газрыг чөлөөлж Дэлхийн банкны санхүүжилтээр 100 ортой цэцэрлэг барьж эхэлсэн. Түүнээс гадна далд, давхар гарааш хийх шаардлага гарч ирж байна. Далд гараашийн дээд хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байхаар төлөвлөсөн. Энэ ажлыг хийхэд иргэдийн оролцоо чухал . Бид хүний өмчийг шууд буулгахдаа бус хамтран ойлголцож ажиллах нь чухал.
-Ямар хугацаанд хэдэн байршилд хийх юм бэ?
-2014 оны төлөвлөлтөөр 11 байршилд давхар, далд гарааш хийх төлөвлөгөөтэй байна. Одоогийн байдлаар нэг, гуравдугаар хорооны нутагт доороо 25-30 машины зогсоолтой, тоглоомын талбай бариад эхэлсэн. Ажил нь 70-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Цаашдаа хэд хэдэн хорооны иргэдтэй уулзаж ярилцаад энэ ажлыг эхлүүлэх болно.
-Тоосгон гараашууд олон байдаг. Нураасан тохиолдолд тухайн иргэн тэр газраа зөвшилцөөд гарааш авч болох уу?
-Боломж бий. Гүйцэтгэгч компанийнхантай зөвшилцөөд авч болно. Бид боломжийг нь нээж өгч байгаа юм.