Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Эрүүл мэнд
2024.05.08 10:37
859
Өвөр Монголын баруун Үзэмчин хошуунд өвчнөөр үхсэн малыг хоргүй устгах технологийг нэвтрүүлжээ

Өвчнөөр үхсэн малын сэг зэмийг манай улс хөрсөнд булшлах аргаар устгадаг. Энэ нь эргээд халдварт өвчин тархах эрсдэлийг дагуулсаар байдаг. Харин Өвөр монголын баруун Үзэмчин хошуунд өвчнөөр үхсэн мал, амьтныг хоргүй устгах үйлдвэр байгуулагджээ. Тодруулбал, баруун Үзэмчин хошууны Хадат аж үйлдвэрийн паркт байрлах тус төсөл нь 2020 оны 12-р сард зөвшөөрөгдөж, 2021 оны 12-р сард барилга баригдаж дуусжээ.

Тус барилгыг нийт 8 сая гаруй юанийн хөрөнгө оруулалтаар барьжээ.

Барилгын нийт талбай нь 5000 м.кв, барилгын талбай нь 1,765 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн цех нь 1200 м.кв талбайтай. Харин амьдрах болон оффисын талбай нь 380 м.кв, авто машины гарааш болон агуулахын талбай нь 185 м.кв-тай байгууламж юм.

Бэлчээрийн мал аж ахуйг өөрчлөх сайжруулах төслийг хэрэгжүүлснээр өвчнөөр үхсэн мал, амьтанд зориулсан нэгдсэн хуримтлал, төвлөрсөн хоргүй устгах тогтолцоог 7 сум, сууринд аажмаар байгуулж эхэлжээ.

Одоогийн байдлаар Баянхуа, Горхон болон Жирийн гол суурин дахь өвчнөөр үхсэн амьтдад зориулсан 3 цуглуулах цэгийг барихад 2.48 сая юанийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд 1 хөргөлттэй ачааны машин, 1 жижиг сэрээтэй машиныг ашиглалтад оруулжээ.  

2023 онд хошууны засгийн газар Лян И Биотехнологийн ХХК-ны хөрөнгө оруулалтыг дэмжих замаар, стратегийн хамтын ажиллагаанд гарын үсэг зурж өвчнөөр үхсэн мал, амьтдыг хоргүй устгах үйлдвэрийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Харин тус компани нь хоргүй устгах тоног төхөөрөмжийг цаашид өөрчлөх, өргөжүүлэхийн тулд 12 сая юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Боловсруулах дээд хүчин чадал нь 1 өдөрт л 20 тоннд хүрдэг.

Хоёр давхар вирус устгах болон тосыг тусгаарлах технологийг ашиглан үйлдвэрлэлээс гарсан бохир ус, хаягдал хий болон бусад бохирдсон бодисыг аюулгүй, байгальд хоргүй стандартаар шийдвэрлэжээ.

Ингэснээр байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн хог хаягдлыг хоргүй устгах, нөөцийг дахин боловсруулан ашиглах асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чаджээ.

Хэрэв тус технологи нь манай улс шиг мал аж ахуйн салбартай, бэлчээрийн аж ахуйтай оронд нэвтэрч чадвал ихээхэн эрэлттэй, өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.

Учир нь Лян И ХХК нь өвчилж үхсэн мал амьтныг хоргүй устгахаас гадна органик тэжээлийн бордоо үйлдвэрлэх, мал амьтны өвнөөс урьдилан сэргийлэх, малын даатгал зэрэг нэгдсэн үйл ажиллагааг явуулдаг. Ингэснээр экологийн аюулгүй байдал, иргэд эрүүл аюулгүй малын мах хэрэглэх баталгаа бүрдэх юм.