Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Баялаг бүтээгч
2024.05.08 12:18
1242
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Траст трейд” ХХК-д ажиллалаа. “Траст трейд” ХХК 2000 онд мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны чиглэлээр бага оврын тоног төхөөрөмж, түрээсийн байранд, зургаан ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд үүнээс хойш өөрийн гэсэн үйлдвэр, гахайн аж ахуй, мах ангилах, боловсруулах үйлдвэр зэргийг ашиглалтад оруулж, одоогоор 70 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлж байна. Эхний ээлжинд гадаадын таван улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор бэлтгэж байгаа аж.

“Траст трейд” ХХК нь хамгийн сүүлд буюу 2023 оны есдүгээр сард ХАЛАЛ аргаар мал төхөөрөх шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Тус үйлдвэрийн төсөл санхүүжилт дээр гацаад байсан бөгөөд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогдож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдаж бүтээн байгуулалтаа хийж дуусгасан байна. Одоогийн байдлаар үйлдвэр хоногт 500 бод, 1,000 бог мал төхөөрөх хүчин чадалтай. Үйлдвэр мал эмнэлгийн лаборатори, 5,000 тн-ын зоорь, нарны зайн хугаагуур зэргийг бүтээн байгуулсан бөгөөд үйлдвэрийн сэврээх хэсэг нь олон улсын стандартад нийцсэн төхөөрөх хүчин чадлаас 3 дахин их аж.

“Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа: Манайх 2023 оны 3-р сард хөрөнгө оруулалт шаардлагатайн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байсан. Харин 2023 оны 5-р сард “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг авснаар уг төсөл ашиглалтад оруулж, амжилттай ажиллаж байна. Цаашид бүтээмжийг өмнөх оны үзүүлэлтээс 2,5 дахин өсгөж ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ онд манай борлуулалт 26 хувиар өсөж, ажлын байраа нэмэх боломж бүрдсэн. Цаашид борлуулалтын орлого болон ашгийн хэмжээ  жил бүр өсөж, энэ хэрээр улсын төсөвт төлөх татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэхээр байгааг энд онцолмоор байна. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг бодитоор дэмжсэн томоохон дэмжлэг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд үр дүнгээ өгч байгаа үйлдвэрүүдэд ажиллаж байна. “Траст трейд” ХХК-ийн хувьд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогдож буй 5-6 хувийн хүүтэй, урт хугацаатай 3 тэрбум төгрөгийн зээл авч энэ хүү мал төхөөрөх шинэ үйлдвэрийг барьж, байгуулсан байна. Мөн гаалийн татварын буцаан олголтоор 50 сая хүртэлх төгрөгийг буцааж авсан гэж байна. Хүнсний хувьсгалын үр нөлөөгөөр өнөөдөр маш олон үйлдвэр үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлсээр байна. Энэ бол чамлахааргүй амжилт. Ковидын дараа үндэсний үйлдвэрүүд хүндхэн байдалтай шинэ үйлдвэр ашиглалтад оруулахад хэцүү байсан бол “Хүнсний хувьсгал”-ын үр нөлөөгөөр “Траст трейд” ХХК богино хугацаанд буюу 2 жилийн дотор энэ том үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Энэ бол “Хүнсний хувьсгал”-ын үр дүнгийн нэгээхэн жишээ юм.

ХАЛАЛ аргаар мал төхөөрөх үйлдвэр Төв, Дорноговь, Дундговь, Хэнтий зэрэг 4 аймгийн 212 малчнаас 58447 бог мал хүлээн авч бэлтгэсэн байна. Одоогийн байдлаар ингэж бэлтгэсэн 700 мянган тонн махыг Иран улс руу экспортолсон байна. Цаашид экспортын боломжоо өсгөхөөр Куветын элчин сайдын яамны дэмжлэгтэй ХХААХҮЯ, СХҮТ газартай хамтран ХАЛАЛ стандартын баталгаажилтыг 2024 оны 1-р сард хийсэн аж.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд гэхэд л 934 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1,957 аж ахуйн нэгж, иргэнд олгож, хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлсөн. Мөн хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн албан татвараас чөлөөлж, хөнгөлсөн байна. Үүний үр дүнд 2023 онд  олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн онд махны экспортоос 277 сая ам.долларын орлого олсон бол хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурсан дүн гарсан. Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс 2023 онд 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээсэн гэсэн үг юм.