Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Нийгэм
2024.05.08 14:26
3417
Хариуцлагагүй жолооч нараа өөгшүүлсээр байх уу?

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хүчингүй болгосныг өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд зарласан. Өөрөөр хэлбэл зөрчил гаргаж, оноогоо хасуулаад оноо нь багассан жолооч нар аврагдлаа. Сонгууль ойртох тусам өнгөц харахад хүн бүрт таалагдах янз бүрийн шийдвэр гардаг. Үүний нэг нь энэ шийдвэр. Гэвч иргэдэд таалагдах гэж ямар ч тооцоо судалгаагүй ийм шийдвэрүүд сөрөг үр дагавар авчрах нь олонтаа. 

Сүүлийн жилүүдэд хариуцлагагүй жолооч нараас шалтгаалсан аймшигт зам тээврийн осол гарах тоо нэмэгдэж, хүмүүс амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Зөвхөн энэ оны эхний 4 сарын байдлаар гэхэд 149 хүүхэд зам тээврийн осолд өртсөн.

Ганцхан жишээг дурдвал: Гурван долоо хоногийн өмнөхөн "Хайлааст" орчимд гарсан ослоор нэг хүүхэд амь насаа алдаж, түүний гэр бүлийн 3 хүүхэд нэг том хүн маш хүндээр бэртэж гэмтсэн. Уг ослыг гаргасан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд "хааз" "тоормос"-ыг андуурсан гэж мэдүүлсэн байдаг.

Хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, жолоо барих үедээ утсаа оролддог жолооч нар бидний эргэн тойронд маш их тааралддаг. Тэдний хайнга, хариуцлагагүй үйлдлээс болж хүмүүс амь насаараа хохирч, нэг гэр бүл тэр чигтээ эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирдог. Нөхцөл байдал ийм байгааг харсаар байж эрх баригчид зөвхөн сонгуулиа л бодсон шийдвэр гаргасаар байна.

Энэ цаг үед эсрэгээрээ жолооч нарын хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах ёстой байтал зөрчил гаргадаг жолооч нараа өөгшүүллээ.

Бид улс төрчдийн сонгогчдоос оноо авах гэсэн ийм шийдвэрүүдийг дэмжсээр байвал нийгэмд гарах осол аваар, гэмт хэрэг, хариуцлагагүй байдлаас үүдсэн сөрөг үйл явдлууд үргэлжилсээр л байх болно. Эцэст нь сонгууль дуусч, амьдрал үргэлжилнэ.