Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Нийгэм
2024.05.08 15:31
1442
Автобусны 19 буудлыг шинээр ашиглалтад орууллаа

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр битүү, 17 задгай, автобусны шинэ зогсоолыг ашиглалтад орууллаа. Автобусны буудал тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай, тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой. Мөн автобусны буудал бүрд байршуулсан хяналтын камер нь буудал орчмын аюулгүй байдлыг хянах боломжтойг албаны хүмүүс онцоллоо.

Улаанбаатар хотод 1115 автобусны буудал байгаагийн 59 нь автобусны эцсийн зогсоол бөгөөд нийт автобусны буудлын 65 хувийг тохижуулаагүйг үе шаттай шийдэж байна. Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн автобусны 19  буудлыг шинээр ашиглалтад оруулснаар автобусны чиглэлийг нэмэхээр төлөвлөж байгаа аж.

“Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн зохицуулагч О.Мөнхнасан, “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын ажилтан, албан хаагч, жолооч нарыг чадавхжуулах, нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч байна. Автобусны буудлыг ашиглалтад оруулах нь төслийн эхний зорилт байсан. Ингэхдээ автобусны эцсийн зогсоолд шинээр 0,8 км асфальтбетон замыг барьж ашиглалтад орууллаа” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.