Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.05.08 17:13
3477
Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг дээ...

Улс төрийн тогоонд чанагдах хүсэлтэй урлаг уран сайханчид, бөх, тамирчид, бизнесменүүд хэдийнээ тодорч, эхнээсээ суртал ухуулгаа хийгээд гүйж буй. Дуучин Нара буюу М.Нарантуяа, СТА дуучин Д.Балдан,  манлай уяач Б.Нямжав гэх мэтийн горилогчдыг дурдаад байвал дуусахгүй.

 Тэгвэл тэдний халааг Төрийн соёрхолт дуучин Д.Болд үргэлжлүүлэх үү гэх хардлагыг төрүүлж эхлэв. Тодруулбал, “Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Илүү хүчтэй, илүү шударга, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе… Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор, үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Д.Болд нь  МАН-аас говийн бүсэд нэр дэвшиж болзошгүй байгаа аж.

Манай улсад хэзээнээсээ л уран бүтээл, нэр алдраараа халхавчлан улс төрд шургалагсад байсаар ирсэн. Харамсалтай нь урлаг соёлынхон, бөх уяачид төрд бодлого тодорхойлох түвшинд ажиллаж чаддаг эсэх нь харин эргэлзээтэй. Ганцхан жишээ, дуучин Самандын Жавхлан. Тэрбээр, УИХ-ын гишүүн болсон ч “би ганцаардаад байна” гэх ганц дуу хийж л амжсан гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ Монгол Улсын 25 нас хүрсэн ямар ч иргэн нэр дэвших эрх нь нээлттэй. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр энэ удаагийн сонгууль 126 гишүүнтэйгээр бүрдэх тул гишүүний бүрэн эрх, халдашгүй байдалд дурлагсад нам намын хаалга тогшиж яваа.

 Иргэд 30 жилийн МАНАН засаглалыг нураахыг, хүчтэй сөрөг хүчнийг л хүсэж байгаа болохоос урлаг уран сайханчдыг биш. Дээр дурдсанаар тэд нэр дэвших эсэх нь нээлттэй ч сонгох эрх сонгогчийн гарт л бий гэдийг мартаж болохгүйг сануулъя!