Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Баялаг бүтээгч
2024.05.08 17:24
1367
Монголдоо өсгөж буй тахианы махаар дотоодын зах зээлийн 20 хувийг хангахаар зорьж байна
 
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ажигана” ХХК-ийн “Оргио” тахианы аж ахуйд ажиллалаа. “Оргио” тахианы аж ахуй нь эх сүрэг, инкубатор, дэгдээхэй бойжуулах байр, төхөөрөх цех, тэжээлийн үйлдвэр, итгэмжлэгдсэн лаборатори, мал эмнэлгээс бүрдсэн махны чиглэлийн тахианы иж бүрэн аж ахуй юм.

Манай улс жилд 22 мянга гаруй тонн тахианы махыг импортоор 50-60 сая ам.доллароор авч байна. Тахианы махны дотоодын хэрэглээ жил бүр 20 хувиар өсч байгаа бөгөөд өсөн нэмэгдэж буй дотоодын зах зээлийн 15 хувийг үндэсний үйлдвэрүүд хангаж байна. “Ажигана” ХХК-ийн “Оргио” үйлдвэр нь жилд 1,000 гаруй тонн буюу дотоодын тахианы махны хэрэглээний таван хувийг үйлдвэрлэдэг. Харин цаашид эх сүргийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлэх, автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх, дотоодын тахианы махны хэрэглээний 20% бүрдүүлдэг болох зорилго тавиад байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаа. Тэгвэл “Ажигана” ХХК “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 8.3 тэрбум төгрөгийн зээл авч, тэжээлийн үйлдвэр өргөтгөх, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдүүлэх ажлууд хийжээ. Мөн шинэ инкубатор суурилуулахад гаалийн албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтөд хамрагдсан байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд өнөөдөр маш олон үйлдвэр, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид маань хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. “Оргио” тахианы аж ахуйн хувьд “Хүнсний хувьсгал”-аас 8.3 тэрбум төгрөгийн зээл авч зориулалтын агуулах шинээр барьж, эх сүргийн аж ахуйгаа шинэчилэн үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна. Мөн тэжээлийн үйлдвэрийг өргөтгөж, шинэ инкубатор суурилуулсан бөгөөд ингэхдээ гаалын албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтөд хамрагджээ. Харин энэ жилийн хувьд “Оргио” тахианы аж ахуй 7 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт өгсөн бөгөөд зээл судлагдаад шийдэгдэх шатандаа явж байна. Тэгэхээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн бол цаг үеэ олсон маш чухал дэмжлэг болж чаджээ. Өнөөдөр Монгол Улсад “Оргио” тахиа “Баялаг тахиа” хоёр нийлээд дотоодын зах зээлийн 10-15 хувийг хангаж байна. Харин үлдсэн 85-90 хувийг цэвэр импортоор хангаж байна. Тэгэхээр бид тахианы махны импортыг багасгах, Монголдоо өсгөж бойжуулсан, гарал үүсэл нь тодорхой, чанартай тахианы мах болон тахианы махаар хийгдсэн бүтээгдэхүүнээр ард түмнээ хангахыг зорьж байна.

“Оргио” тахианы аж ахуйн үйлдвэрийн дарга Б.Ариунсүх: Манай үйлдвэр анх 2013 онд суурь нь тавигдаж байсан. Монголдоо тахианы мах үйлдвэрлэхийн тулд 2014 оноос эх сүрэг нутагшуулж сүүлийн 10 жил энэ салбарт туршлага хуримтлуулсан байна. Манайх эх сүрэг болон мах бэлтгэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд бусад шувууны аж ахуй, хоршоодтой хамтрах боломж нэмэгдэнэ. Үйлдвэр сардаа 100 тонн тахианы мах бэлтгэх хүчин чадалтай. Жилдээ 1.1 саяас 1.5 сая дэгдээхэй бойжуулж байна.

Эх сүргээ Голландын махны чиглэлийн Росс-308 үүлдрийн 1 хоногийн настай дэгдээхэйгээр жилд 4 удаа сэлбэдэг.Эх сүргээс гарсан өндгийг 21 хоног буюу 510 цаг инкубаторт дарж амилуулдаг байна.  Тахиа өсгөх цехэд дэгдээхэйг 42 хоног бойжуулах бөгөөд тахианы мах бэлтгэх, ангилах, савлах ажиллагааг олон улсын ISO 9001, Халал стандартын дагуу хийдэг аж. Харин тэжээлийн үйлдвэр нь дотоодын улаан буудайг Cargill брэндийн тэжээлийн нэмэлтээр баяжуулан үйлдвэрлэдэг байна.

Цаашид хийхээр төлөвлөсөн ажлууд:

  • Эх сүрэг, инкубатор, тэжээлийн үйлдвэр, төхөөрөх цехэд түшиглэн
    кластер хоршоологчид, тахиа өсгөх аж ахуйнуудтай хамтран ажилладаг болох.
  • Эх сүргийн хүчин чадлыг 50% нэмэгдүүлэх.
  • Төхөөрөх цехийг автоматжуулж, бүтээмж нэмэгдүүлэх.
  • Автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх.
  • Тахианы хаягдлыг дахин боловсруулах Уураг тэжээлийн үйлдвэр барих.
  • Тахианы сангасыг дахин боловсруулах био түлш, бордооны үйлдвэр
    барих.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний
    хөдөлгөөний хүрээнд үйлдвэрийн хашаанд болон Налайх хотод 10,000
    мод тарих.
  • Оргио тахианы аж ахуй болон хамтран ажиллагч хоршоод дотоодын
    тахианы махны хэрэглээний 20% бүрдүүлдэг болно