Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Баялаг бүтээгч
2024.05.09 11:33
1502
Хаягдал аккумлятороос гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргана
 

Монгол Улсад жил бүр хамгийн багадаа 7-8 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батарей байгальд хаягддаг гэсэн судалгаа бий. Харин үүнээс ердөө 1,200 орчим тонн буюу 30 мянган ширхгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж гадаадад экспортолж байна. Аккумляторыг стандартын бус аргаар дахин боловсруулах нь хөрс, усыг хамгийн ихээр бохирдуулдаг байна. Тэгвэл байгаль орчинд  ээлтэй технологиор хар тугалган батарейг дахин боловсруулдаг Дэлхийн жишиг үйлдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх /2024.05.07/ажиллалаа.

Нэг ширхэг хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулах хор хөнөөлтэй

“Электрокем Монгол” ХХК нь жилдээ 12 мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хар тугалгын батарейг дахин боловсруулах хүчин чадалтай. Тодруулбал манай улсад жил бүр хаягддаг бүх аккумлятор, батарейг дахин боловсруулах хүчин чадалтай гэсэн үг юм.

“Электрокем Монгол” ХХК-ийн үйлдвэрийн дарга М.Авирмэд Манай үйлдвэр Монгол Улсад хаягдаж байгаа бүх хар тугалган батарейг дахин боловсруулах хүчин чадалтай. Бид автомашины аккумлятор, батарейнаас 3 төрлийн бүтээгдэхүүн гарган авч байна. Тухайлбал хуванцар поддон, арматурын ивээс, гөлтгөнө зэргээс гадна 99.97 хувийн цэвэршилттэй хар тугалга гарган авч экспорт хийж байна. Үйлдвэр технологийн хаягдал гаргадаггүй, хэрэглэсэн усаа цэвэрлэж дахин ашигладаг, ижил төстэй бусад үйлдвэртэй харьцуулахад 30 орчим хувийн бага дулаан, цахилгаан зарцуулдаг зэрэг давуу талтай. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Хөрс эрүүл бол хүнс эрүүл, Хүнс эрүүл бол Монгол хүн эрүүл гэсэн зорилт дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Тэгвэл хөрс, орчныг хамгийн их бохирдуулдаг аюултай хог хаягдал болох автомашины аккумляторыг дахин боловсруулж, 3 төрлийн түүхий эд гарган аваад зогсохгүй экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ үйлдвэрийн хувьд цагт 3 тонн жилдээ 12 мянган тонн хаягдал аккумляторыг дахин боловсруулах хүчин чадалтай. Нэг үгээр Монгол Улсад хаягдаж байгаа бүх аккумлятор, батарейг энэ үйлдвэр дангаараа дахин боловсруулах боломжтой гэсэн үг юм.

Манай улсын хувьд жил бүр 300-400 мянган ширхэг батарей хаягддагаас 50 хүрэхгүй хувийг нь гар аргаар хар тугалгыг ялган авч гадагшаа экспортолж байсан. Ингэж боловсруулах нь хөрс, ус, агаарт хамгийн их бохирдол үүсгэдэг гэж байна. Судалгаагаар манай улсын хар тугалганы бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 500-600 дахин их гэж гарсан. Тиймээс монгол хүний эрүүл мэнд болоод хөрс, усанд сөрөг нөлөөтэй аюултай хог хаягдлыг технологийн дагуу дахин боловсруулж экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой юм. Тиймээс энэ үйлдвэрийг “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд төр бодлогоор дэмжих боломжтой гэж харж байна.

7500 тонн хар тугалгын батарейг дахин боловсруулан дараах бүтээгдэхүүнүүдийг ялган авдаг. Тухайлбал гадна хайрцагаар хуванцар поддон, арматурын ивээс хийх боломжтой. Харин батарейны хүхрийн хүчлээс гөлтгөнө гаргаж авдаг байна. Ингэснээр 1400 тонн хүхрийн хүчлийн уусмал байгальд хаягдахаас хамгаалж, 280 орчим тонн гөлтгөнө үйлдвэрлэдэг аж. Мөн 99.97 хувийг цэвэршилттэй хар тугалга буюу экспортын бүтээгдэхүүн гарган авдаг байна.

Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэрийг “Электрокем Монгол” ХХК өөрийн хөрөнгөөр байгуулсан бөгөөд шинээр 75 хүний ажлын байр бий болгож, 1.2-1.8 тэрбум  төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой гэдгийг тус үйлдвэрийн удирдлагууд онцолж байна.

“Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол Монгол хүн эрүүл”