Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.05.09 19:33
1244
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь мал аж ахуйн салбарт шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга Т.Мөнхтөр нар “НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага”-ын суурин төлөөлөгч Стивен Карбо, “НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага”-ын Вена хот дахь Төв оффисын захирал Али Бадарне, “НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага”-ын Төв оффис Төслийн менежер, Хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн Габор Молнар болон “НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага”-ын Монгол дахь Хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар амжилттай хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах зорилгоор хэрэгжүүлэх гэж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцож, чиглэлээ тодорхойлон цаашдын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцлээ.

Мөн НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь Монгол Улсад Орны хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Тус хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг яаралтай байгуулах шаардлагатайг уулзалтын үеэр онцоллоо. Орны хөтөлбөрийн хүрээнд ямар чиглэлүүдээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах талаарх саналыг эхний байдлаар боловсруулсан гэлээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбар руу чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөж буй. Тодруулбал мал аж ахуйн салбарыг дараагийн шатанд хүргэхэд зорьж олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, дотоодод амжилттай хэрэгжүүлж буй туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллах юм.

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тэдгээр төслийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, гадаад болон дотоодын эрдэмтэн судлаачидтай хамтран амжилттай ажиллаж органик хүнс, халал мах, арьс шир ба ноос ноолуурын салбаруудад үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.